/2022.05.17/ Баянхонгор аймагт бусдын гэрт хууль бусаар нэвтэрч иргэдэд их хэмжээний хохирол учруулсан бүлэг этгээдийг баривчилжээ.
Тодруубал, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас энэ оны дөрөвдүгээр сараас хойш бусдын байр, орон сууцанд хууль бусаар нэвтэрч адууны дэл, сүүл, ноолуур, зэс хулгайлдаг байсан 16-17 насны 7 этгээдийг илрүүлсэн байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар цагдаагийн газраас мэдээллээ.
Иймд иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй ирүүлж хамтран ажиллахыг уриалж байна.
Дээрх хэрэгт дараах ял шийтгэлийг оногдуулдаг байна.
Эрүүгийн хууль 17.1 дүгээр зүйл.
Хулгайлах
1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;
2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;
2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;
2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зөрчлийн тухай хууль 8.6 дугаар зүйл.
Хулгайлах 1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.