/2022.5.9/ Өнгөрөгч амралтын өдрүүдэд цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд хүүхдийг нохой хазсан талаарх мэдээллийг фэйсбүүкт нийтэлжээ.
Тус постонд өгүүлснээр хүүхэд рүү халдсан нохой нь хошуувчгүй явсан байна. Монгол Улсын Иргэний хуульд:
-Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэж заасан байдаг.
Мөн Зөрчлийн тухай хуульд:
-Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
Тиймээс хэрэв нохой халдсан тохиолдолд дээрх хуулиудад заасанчлан гомдол гаргаж, цагдаагаар гомдлоо шийдвэрлүүлэх боломжтой. Мөн нохой тэжээгч иргэд олон нийтийн газар нохойгоо салхилуулахдаа ХОШУУВЧ ЗҮҮЛГЭХ ҮҮРЭГТЭЙ юм.
Мөн нохойгоо сургаж, олон нийтэд аюулгүй болгох нь нохойн эзний зайлшгүй үүрэг юм.
Энэхүү постонд өгүүлсэн frenhc bulldog гэдэг нь ямар төрлийн нохой вэ?
Уг нь frenhc bulldog гэдэг нь хүүхдэд хайртай, энхрий, нөхөрсөг, зөөлөн зантай нохой ажээ.
Мөн бусад нохдын адилаар хүн рүү үсэрдэг зантай гэнэ. Тиймээс гудманд дагуулж явахдаа уяатай байлгахыг зөвлөдөг байна.
Мэдээж олон нийтийн газарт, ялангуяа цэцэрлэгт хүрээлэнтэй адил хүүхдүүд их байдаг газар ямар ч төрлийн "нөхөрсөг" нохойг хошуувчтай байлгах нь зөв юм. Учир нь амьтан хэзээ ямар авир гаргахыг бид тааварлашгүй.
Хэрэв та нохойгоо нийгэмшүүлээгүй, олон нийтийн газар дагуулж явдаггүй, хүүхдүүдтэй тоглуулдаггүй бол тэгэх тусмаа нохойг заавал хошуувчтай явуулаарай.
Ер нь нохойндоо хошуувч зүүлгэж сураагүй, хошуувч авч өгч чадахгүй байгаа бол нохой тэжээхээс татгалзах нь зөв юм.
Нохойд хазуулсан тохиолдолд галзуугийн эсрэг вакциныг заавал хийлгэдэг.