/2022.05.05/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар "Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Энэ хэлэлцээрийг дэмжиж байна. Бид ОУ-ын гэрээ хэлэлцээрт нэгдэж орох нь зүй ёсны асуудал. Гэхдээ бид дотооддоо чанар стандартаа хангаж чадаж байгаа юу гэдэг нь дараагийн асуудал болчхоод байгаа юм. Мэдээж ойлгомжтой Дарханы зам. Бид Европоос урагшаа Ази руу явдаг гол магистрал замаа дөрвөн жил самарчхаад сууж байгаа.
Дарханы замын эвдрэл гэмтэлтэй холбоотой иргэд, албан байгууллагад учирч байгаа хохирлыг хэн хариуцах вэ. Энэ хохирлын үндсийг тавьсан, тодруулж хэлбэл АХБ-ны санхүүжилттэй хийгдэж байгаа төслийн 2,4 дүгээр багцыг Хятадын нэг бүтэлгүй компанид өгсөн анхны үнэлгээний хороог АТГ, хууль хяналтын байгууллагад шалгуул гэдэг хүсэлтийг Л.Халтар сайдад 3 удаа тавьсан. Та 3 удаа татгалзаж байна. Энэ ажлыг яагаад хийхгүй, өмгөөлж хамгаалаад тойрч зугтаад байгаа юм бэ. АХБ гэсэн тайлбар тавьдаг. Үнэн бодит байдал дээр МУ-ын худалдан авах ажиллагааны тухай хуулиар ЗТХЯ үнэлгээний хороог байгуулан шийдвэр гаргаж, гэрээ байгуулдаг. АХБ-ны удирдлага зааврын дагуу. Харин шийдвэрлэх нь ЗТХЯ-ны асуудал. Үүнийг шалгуулах тал дээр анхаараач ээ.
Хоёрдугаар асуудал гэвэл сүүлийн хоёр жил ковидтой байсан учир Дарханы замын осол 50 хувиар буурсан. Өнгөрсөн хоёрдугаар сараас МУ-ын ЗГ хэвийн нөхцөл байдалд шилжсэнийг зарласнаас хойш осол аваарын тоо хэмжээ 38-40 хувь болж өссөн байна. Энэ бол түр замын нөхцөл байдалтай холбоотой. Тиймээс түр замын стандарт, нормыг хэрхэн сахиулж ажиллаж байгаа вэ.
ЗТХ-ийн сайд Л.Халтар:
-Тийм ээ танаас тийм хүсэлт ирсэн. Яам энэ газрын АТГ-д өг гэж. Үндсэндээ яам АХБ-ийг өгөхтэй агаар нэг болчхоод байгаа юм. Тиймээс би танд УИХ-д байгуулсан ажлын хэсгийн зүгээс яам, АХБ хоёрыг хоёуланг нь АТГ-д өгчих гэсэн хүсэлт тавьсан. Бид олон жил хамтарч ажиллаж ирсэн АХБ-ийг АТГ-д шалгуулах нь ёс зүйн хувьд тийм ч таатай биш. Цаашид энэ банк МУ болон ЗТХЯ-тай хамтарч ажиллах байх. Үүнийг бодсон ч гэсэн манай яам өгөх нь ёс зүйтэй асуудал биш.
Түр зам дээр цагдаагийн пост ажиллуулж байгаа. 2,4 дүгээр багц дээр хурд хэтрүүлснээс бусад тохиолдолд замын эвдрэл гэмтлээс шалтгаалж иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдолд гүйцэтгэгч компани хариуцна.
5 багцын бүтээн байгуулалтын ажил сайн явж байгаа. Замчдын хөдөлмөрийг битгий харлуулаарай.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Дарханы зам дээр ажиллаж байгаа замчид, инженер техникийн ажилчдад талархал илэрхийлье. Сайн ажиллаж байгаа. Яамны менежментийн сул тал байгаа. Үүний араар та нуугдахгүй Л.Халтар сайд аа.
Тендерийн үнэлгээний хороог байгуулсан тушаал ЗТХ-ийн сайдын тушаалаар бий болсон уу эсвэл АХБ-ны шийдвэрээр бий болсон уу.
Та мундаг ёс зүйтэй хүний дүрд ороод хууль хяналтын байгууллагаар шалгуулахгүй гээд байгаа асуудал чинь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдах гээд байна. Та шалгуулсан нь дээр байх.
ЗТХ-ийн сайд Л.Халтар:
-ЗТХ-ийн сайдын тушаалаар тендерийн хороо байгуулагддаг. Гэхдээ үүнийгээ АХБ-тай зөвшилцсөний үндсэн дээр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах эрх нээгддэг. Тиймээс АЗХ болон ЗТХЯ үүн дээр хамтарч ажилладаг гэсэн үг.
Би ёс зүй баримталж яваа хүн. Тиймээс хамтарч ажиллаж байгаа ОУ-ын байгууллагаа шалгуулна гэж явахгүй. Бүгд журмын дагуу явсан. Алдаа гэвэл хямд үнэтэйг нь сонгосон нь алдаа болсон.