/2022.05.05/: Гарын эрүүл ахуйн дэлхийн өдрийг гарын эрүүл ахуйг сайжруулахын ач холбогдлыг сурталчлах зорилгоор 2009 оноос “Цэвэр гар амь насыг аварна” уриатайгаар жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдөр тэмдэглэж ирсэн.
Жил бүр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог.
Гарын эрүүл ахуйг зөв сахих нь халдварын тархалтыг зогсоох хамгийн үр дүнтэй арга хэмжээ болохыг шинжлэх ухаан баталсаар байна.
Гар угааж хэвшсэнээр таваас доош насны хүүхдүүдийн дундах суулгалт халдварын түвшинг 30-50 хувиар, амьсгалын замын халдварыг ойролцоогоор 21-45 хувиар тус тус бууруулдаг, суулгалт халдвараар өвдөх 3 хүүхэд тутмын 1 хүүхдийг, амьсгалын замын халдвар буюу хатгаа өвчнөөр өвдөх 6 хүүхэд тутмын нэг хүүхдийг тус тус урьдчилан сэргийлж чаддаг гэсэн судалгаа байдаг.
Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд гарын эрүүл ахуйг шаардлагатай үед (5 тохиолдолд), хамгийн үр дүнтэй аргаар (байгаа боломжоо ашиглан зөв техникээр) сахих хэрэгтэй.
ДЭМБ-ын гарын эрүүл ахуйг сайжруулах олон талт стратегийг хэрэгжүүлснээр гарын эрүүл ахуйн гол үзүүлэлтүүд мэдэгдэхүйц сайжирч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварууд болон нянгийн тэсвэржилт буурч, халдварын дэгдэлтийг зогсооход ихээхэн хувь нэмэр оруулдаг нь батлагдсан. (https://apps.who.int/iris/handle/10665/70030)
Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, гараа тогтмол, савандаж угаах дадлыг хэвшүүлэх нь эрүүл мэндээ хамгаалахад оруулж буй том хувь нэмэр болох юм.
Эх сурвалж: ХӨСҮТ