/2022.05.05/: Японы Ерөнхий сайд Фумио Кишида ОХУ-аас Японы албаны хүмүүсийг, тэр дундаа өөрийгөө хилээр нэвтрүүлэхийг хориглосныг "хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж буруушаалаа.
Ерөнхий сайд лхагва гарагт Ромд хийсэн төрийн айлчлалынхаа үеэр доорх тайлбарыг хийсэн байна.
Кишида сэтгүүлчдэд хэлэхдээ, "Орос Украин руу довтолж байгаа нь олон улсын хуулийг илт зөрчсөн бөгөөд олон тооны гэм зэмгүй энгийн иргэдийг хөнөөсөн нь олон улсын хүмүүнлэгийн хуулийг ноцтой зөрчсөн, дайны гэмт хэрэг юм" гэжээ.
“Оросын тал цэргийн арга хэрэглэж, ийм байдалд хүргэсэн. Япон-Оросын харилцаа тасарсанд Оросын тал бүхэлдээ хариуцлага хүлээх болно."
Орос улс Японы 63 иргэнийг, тэр дундаа Кишидаг тус улсад нэвтрэхийг “тодорхойгүй” хугацаагаар хориглосон тухай Оросын төрийн мэдээллийн агентлаг РИА Новости лхагва гарагт мэдээлэв.
Мөн Кишидагийн танхимын гишүүд, тэр дундаа Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши, Батлан хамгаалахын сайд Нобуо Киши, Сангийн сайд Шуничи Сүзүки, парламентын гишүүд болон цэргийнхнийг тус улсад нэвтрэхийг хориглосон тухай РИА агентлаг мэдээллээ.
Эх сурвалж: CNN