Нийслэлийн Онцгой байдлын газрын 2022 оны Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр боллоо. Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж байгуулагдсаны 101 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан зохион байгуулсан тус тэмцээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийн 16 багийн 190 гаруй тамирчин хурд хүч, эр зориг, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тамирчид жагсаалын үзүүлэх тоглолт, салаа, бүлгийн 10 километрийн маршийн замд гүйцэтгэх ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, аврах ажиллагаа, химийн хорт бодисоос хамгаалах норматив биелүүлэх ажиллагааг гүйцэтгэсэн.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Алба хаагчид, баг тамирчид мэргэжлийн чиглэлтэй холбоотой 18 төрлийн даалгаврыг хийж гүйцэтгэлээ. Эдгээр сургуулилалтыг хийснээр алба хаагчид маань бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил хэр байгаагаа мэдэж авдаг. Түүнчлэн анги, салбаруудын бэлтгэл, бэлэн байдал ямархуу түвшинд байгааг дүгнэдэг” хэмээв.
Ийнхүү Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн баг тэргүүн байранд орлоо. Харин хоёрдугаар байранд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги орсон бол гуравдугаар байранд Аврах ангийн баг тамирчид шалгарав.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жилийн хугацаанд завсардаад байсан тус тэмцээнийг 2004 оноос эхлэн зохион байгуулж байгаа юм.
Эх сурвалж: Улаанбаатар.мн