/2021.12.06/ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас "Гүйцэтгэх захирлуудын уулзалт 2021" форум зохион байгуулахаар болжээ.
Илүү эрч хүчтэй авъяасыг сонгож, бизнес загвараа яаралтай өөрчлөх нөхцлийг цар тахал бидэнд тулгалаа.
Ковид-19-ын дараах шинэ эринд бэлтгэхийн тулд удирдагчид өдөр тутмын ажлаа нарийн төлөвлөхийн зэрэгцээ илүү ихийг санаачлах, хийх, хэрхэн ажилладаг байсан, цаашид хэрхэн ажиллах, ямар асуудлууд тулгарч байсан талаар эргэцүүлэн бодох, амьсгаа авч, илүү олон өнцгөөс өргөн хүрээтэй харах хэрэгтэй болоод байгаа билээ.
Тэгвэл энэхүү цаг үеийн хэрэгцээ шаардлагыг хангах, байгууллагаа түүчээлэх оюун ухаантнуудыг нэгэн дор цуглуулж сүлжилдэх боломжийг МҮХАҮТ санаачилжээ. Энэхүү уулзалтад 200 гаруй байгууллага, ААН-ийн захирал оролцох юм.
Тэд хүний нөөцийн захирлууд талентийг байгууллагын чухал үүрэгтэй уяж үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн экосистем бий болгох замаар байгууллагаа ирээдүйн өсөлт, амжилтад бэлдэх, хариуцлагатай шинэ сорилтыг хэрхэн амжилттай даван туулах талаар мэдлэг, туршлагаа хуваалцах юм.
Уулзалтад Нью Йорк их сургуулийн профессор Jay Van Bavel, Харвард бизнесийн сургуулийн профессор Francesca Gino, McKinsey компанийн зөвлөх Ж.Тана нар оролцоно.
Тус форум арванхоёрдугаар сарын 7-нд /мягмар гараг/ Шангрила зочид буудлын хурлын танхимд болно.