Өл залгуулж буй монгол өрхүүд №1
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өл залгуулж буй монгол өрхүүд №1

/2021.12.06/ Амьдрал дээшлээд байна уу, доошлоод байна уу нийтлэлээр бид өнөөгийн нөхцөлд хэдэн төгрөгийн цалингаар хэрхэн өл залгуулан амьдарч байгаа талаар мэдээлсэн.

Тэнгисийн гэр бүл 3, 6 настай хүүхэдтэй. Бага насны хоёр хүүхэдтэй тул эхнэр нөхрийн аль нэг нь гэрээ сахиж үлдэхээр болдог. Тэнгис улсын сургуулийн биеийн тамирын багш, харин Балжидмаа хэдэн жил улсын эмнэлэгт ажилласан ч цалин ахиу байгааг нь бодоод хувийн байгууллагад ажиллаад нэг жил гаран болсон байв. Энгийн сурч боловсрох, эрүүл байх зэрэг хэрэглээгээ хангахын тулд санхүү зайлшгүй холбоотой тул арай өндөр цалин авдгаар нь Балжидмаа ажилдаа явж, Тэнгис гэр, хүүхдээ сахин үлдэхээр болжээ.

Балжидмаагийн сарын цалин 980 мянган төгрөг.

Ингээд Тэнгисийн гэр бүл хэрхэн амьдралаа залгуулдгийг хамтдаа тооцоолъё. Дээр хэлсэнчлэн, энэ гэр бүлийн эхнэр нь зөвхөн ажил хийж, нөхөр нь хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэх гэрийн ажилтай.

Ажилдаа явдаг эхнэрийн тооцоо:

  • Автобус: өдөрт 1.000₮ х ажлын 22 хоног=22.000₮
  • Өдрийн хоолонд: 8.000₮-өөр хооллодог=176 мянган төгрөг
  • Ажилдаа ирж очих болон хоолны зардал нийт 198 мянган төгрөг.
  • Цалингийн үлдэгдэл 782 мянган төгрөг.

Орон сууцанд зарцуулагдах сарын зардал:

  • 2 өрөө байрны сарын мөнгө: 120 мянган төгрөг
  • Кабелийн төлбөр: 40 мянган төгрөг
  • Утасны төлбөр: 40 мянган төгрөг.
  • Нийт 200 мянган төгрөг.
  • Цалингийн үлдэгдэл 582 мянган төгрөг.

Тэнгисийн 4 ам бүлтэй өрхийн нэг сарын хүнсний хэрэгцээ:

  • Үхрийн мах: 1кг=14.000₮ х 15кг=210 мянган төгрөг
  • Будаа: 1кг=4.000₮ х 10кг= 40.000₮
  • Гурил: 1кг=1.500₮ х 10кг= 15.000₮
  • Өндөг: 60ш= 34.000₮
  • Хүнсний ногоо / лууван, сонгино, сармис, байцай/: ойролцоогоор 50 мянган төгрөг
  • Ургамлын тос: 5 литр= 20.000₮
  • НИЙТ 369 мянган төгрөг.
  • Цалингийн үлдэгдэл 213 мянган төгрөг.

Эдгээр зардалд бид хүүхдийн сургууль, цэцэрлэгт шаардлагатай мөнгөн хураамж, энэ гэр бүлийн өдөр тутмын зарим хүнсний зардал, хувцас хэрэглэл болон бусад нэмэлт зардлуудыг оруулж тооцоогүй болно.

Тэнгисийн гэр бүлийн жишээ бол хэрэглээний болон орон сууцны зээлгүй, түрээсийн байранд амьдраагүй монголд өдрийн од шиг ховорхон байх айлын нэг юм.

Манай улсын 1 сая гаруй иргэн банк, санхүүгийн байгууллагад ямар нэгэн өртэй гэсэн тооцоог Монголбанк 2017 онд гаргажээ. Энэ нь өрх бүхэнд 1 зээлтэй хүн байдаг гэсэн үг.

Тэнгисийн гэр бүл ийнхүү өл залгуулах төдий амьдарснаар ЮУ АЛДАЖ байгаа вэ?

  • Амьдралын баяр баясгаланг өгдөг мөчүүдийг. Учир нь энэ гэр бүлд болзоонд гаргах цаг болон мөнгө байхгүй.
  • Хүүхдүүдийнх нь амьдралаас баяр баясгаланг мэдрэх мөчүүд. Хүүхдүүд нь сард, үгүйдээ улиралд нэг удаа тоглоомын төв орж тоглоход багадаа 100 мянган төгрөг шаардлагатай. Харин энэ гэр бүлд түүнд зарцуулах мөнгө байхгүй.
  • Чанартай боловсрол. Хүүхдүүд нь сургуульдаа 50-60 хүүхэдтэй ангид суралцана. Тэд хүүхдүүдээ сургуулиас гадуурх сургалт, дугуйланд явуулах боломж үгүй.
  • Эрүүл мэндийн үйлчилгээ. Ажлын 5 хоногт ажлаа хийхгүй бол цалингаа хасуулна. Харин цалингаа хасуулах эрх үгүй. Тиймээс шаардлагатай үед эмнэлэгт үзүүлэх цаг үгүй. Хувийн эмнэлэгт үзүүлэх, хүүхдүүдийнхээ шүдний болон бусад урьдчилсан үзлэгт үзүүлэх мөнгө байхгүй.
  • Хуримтлал үүсгэх боломж. Энэ гэр бүлд хуримтлал үүсгэх боломж байхгүй. Ингэснээр яаралтай үед эмнэлэгийн тусламж авах, шаардлагатай бусад зүйлсэд зарцуулах мөнгө байхгүй.

Дээрх гэр бүл бол өнөөгийн нийгэмд өл залгуулж амьдарч байгаа нийтлэг гэр бүлийн жишээ юм. Бид дараагийн дугаарт Тэнгисийн гэр бүлийн хүнсний хэрэгцээ хүний биед шаардлагатай тэжээллэг чанараа авч байгаа эсэхийг тооцоолон хүргэх болно

Нийт нутгийн 86,4 хувьд ЗУД болох эрсдэл бага байна
Нийт нутгийн 86,4 хувьд ЗУД болох эрсдэл бага байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.