Эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчиллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчиллээ

/2023.03.31/: НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өчигдөр болж өнгөрлөө. Хуралдаанаар төлөөлөгчид нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ.

Энэхүү нэмэлт тодотголын хүрээнд 108 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд авах чиглэлээр 14 байршлын 93.5 га газарт, газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил арилгах, газрын төлбөрийг нэмэгдүүлэх хүрээнд 43 байршлын 1010 га газарт, нийтийн эдэлбэрийн байршил, хэмжээг тогтоох чиглэлээр 50 байршлын 7.2 га газарт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Мөн нөхөн олговортой газар чөлөөлөх чиглэлээр дөрвөн арга хэмжээг төлөвлөөд буй.

Харин барилга байгууламжийн газрыг чөлөөлөх хэсэг гурван байршлын 0.3 га газарт, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн газрыг чөлөөлөх чиглэлээр нэг байршилд арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Уг асуудлаар төлөөлөгчид байр сууриа илэрхийлэн, санал хэлсний дүнд нэмэлт өөрчлөлтийг редакцын засвартайгаар батлахаар болов. Тухайлбал, газрын цахим өмчлөлтэй холбоотойгоор иргэдийн эрх ашгийг хамгаалах, тусгай хамгаалалттай газрын өмчлөлийн давхцалыг арилгах тэргүүтэй асуудлаар төлөөлөгчдийн саналуудыг тусган оруулахыг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцоллоо.

Энэ удаагийн хуралдаанаар эзэнгүй нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэх асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар баталсан юм. Эзэнгүй нохой, муурын тоо толгойг цөөлөх хүрээнд галт зэвсгээр устгах ажлыг тусгай зөвшөөрөл бүхий компаниар гүйцэтгүүлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд шатахуун, сумны үнэ эрс өссөн, мөн нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс шалтгаалан өмнөх тарифаар гүйцэтгэх боломжгүй болсныг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа тэмдэглэв.

Тиймээс эдгээр нөхцөл байдалтай уялдуулан нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэн батлах шаардлага үүсээд буйг тэрбээр онцолсон. Эзэнгүй нохой, муурын тоог цөөлөх өөр шийдэл олох, үржил хязгаарлах аргуудыг нэвтрүүлэх, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг саналыг төлөөлөгчдийн зүгээс дэвшүүлж байв.

Мөн “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн усны барилга байгууламжийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, ашиглалт хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журмын тухай болон Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: НЗДТГ

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.