/2023.03.09/ Шүүхээс сэтгүүлч Л.Баяржаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзжээ.
Тодруулбал, иргэн Л.Баяржаргал нь Б.Анхбаяртай бүлэглэн бусдыг сүрдүүлж, энэ оны нэгдүгээр сарын 21-ны өдөр 500 мянган төгрөг шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ. Дээрх хоёр иргэн нэгдүгээр сарын 20-ны өдөр БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах Аман хуур хотхоны ... байрны ... тоотод очиж бичлэг хийн улмаар "Х", "О" нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл болох бичлэгийг тараахаар сүрдүүлсэн байна.
Үүнээс гадна, Л.Баяржаргалыг Баянгол дүүргийн прокурорын газраас 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул түүнийг “дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй” үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн прокуророос шүүхэд ирүүлснийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн байна.
Улмаар шүүхээс Л.Баяржаргалд “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.