“Токио метро” ХК-ийн туршлагыг судаллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Токио метро” ХК-ийн туршлагыг судаллаа

/2023.03.02/: НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг тэргүүтэй холбогдох албаныхан “Токио метро” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, менежментийн туршлагыг нь судаллаа.

Тус компанийн Олон улсын бизнесийн газрын захирал Макото Шимизү, Олон Улсын харилцааны дарга Казүхиро Хатанака нарын холбогдох хүмүүс компанийнхаа үйл ажиллагаа болон олон улсад хэрэгжүүлж байгаа төслөө танилцуулсан юм.

Токио хотын төв хэсэг буюу 15 км-ийн радиуст есөн сая, харин 50 км радиуст 32 сая гаруй хүн оршин суудаг. “Токио метро” ХК нь 1927 онд байгуулагдсан бөгөөд нийтийн тээвэр, төмөр замын чиглэлд үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Өдгөө есөн чиглэлд 195 км газарт метроны үйл ажиллагаа эрхэлдэг. Ковидоос өмнө өдөрт 7.5 сая хүнд үйлчилдэг байсан бол одоо 5.2 сая болж буурсан байна. Нийт 11 мянган ажилтантай бөгөөд компанийн 53.4 хувийг Японы Засгийн газар, үлдсэн 46.6 хувийг Токио хотын захиргаа эзэмшдэг.

Гэхдээ хөрөнгө оруулалт, зардлаа компани өөрөө хариуцаж, хувийн өмчит компани мэтээр үйл ажиллагаа явуулдаг тусгай өмчит байгууллага юм. Ирээдүйд IPO хийж, хувьчлагдахаар төлөвлөж буй. Мөн дан ганц метроны үйл ажиллагаа эрхэлдэггүй бөгөөд үл хөдлөх хөрөнгө, зар сурталчилгаа гэх мэт олон чиглэлд үйл ажиллагаа явуулж, энэ нь орлогын 15 хувийг бүрдүүлдэг байна.

Түүнчлэн гадаадад ч үйл ажиллагаа явуулдаг төдийгүй байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологиор дамжуулж тухайн улсын хөгжилд хувь нэмэр оруулахыг чухалчилдаг. Үүнээс гадна боловсон хүчнийг чадавхжуулах, хөгжүүлэхэд анхаарал хандуулж, онлайн “Tokyo metro Academy”-г ажиллуулж байгаа гэнэ.

Мөн Вьетнамын Ханой хотод хэрэгжүүлсэн метроны төслийн талаар танилцуулав. Тус төсөл нь Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 2013-2016 он хүртэл гурван жилийн хугацаанд хэрэгжжээ. Вьетнамын зүгээс төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд шинэ компани байгуулж, хамтран ажилласан бөгөөд анх тооцоолж байснаас илүү өгөөжтэй төсөл болжээ. Төсөл 2016 онд дууссан ч нэмж хоёр чиглэл 2021 онд нээсэн. Өдгөө өдөрт 30 мянган зорчигч тээвэрлэдэг гэнэ.

Нийслэлийн зүгээс зөв зохистой менежмент хэрэгжүүлэх, цаашид энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.

Эх сурвалж: НЗДТГ

Сансарт гацаад байсан нисгэгчдийг аврах хөлөг ОУСС-д амжилттай холбогдлоо
Сансарт гацаад байсан нисгэгчдийг аврах хөлөг ОУСС-д амжилттай холбогдлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.