/2023.03.02/: Олон улсын сансрын станц дээр хөлөгт нь эвдрэл нь гарч, шингэн алдагдсаны улмаас ОХУ, АНУ-ын сансрын нисгэгчид эх дэлхийдээ буцах боломжгүй болоод байсан юм.
Иймээс ОХУ тэднийг буцаан авчрах өөр сансрын хөлгийг хөөргөж, хөлөг олон улсын сансрын станцад амжилттай холбогджээ.
Нисгэгчгүй хөөрсөн Союз МС-23 хөлөг, тээвэрлэж явсан 435 кг ачаатайгаар даваа гарагийн өглөө Улаанбаатарын цагаар 08:58 минутад олон улсын сансрын станцын Поиск модультай холбогдсон бөгөөд энэ үйл явдал Монгол улсын нутаг дэвсгэрийн хойд хэсэг дээгүүр 418 км өндөрт болж өрнөжээ. Уг хөлөг станцад амжилттай холбогдсоноор өнгөрсөн оны 12-р сарын 14-нд сансарт үүссэн гэнэтийн асуудлаас болж, тодорхойгүй байдалд ороод байсан ОХУ-ын хоёр, АНУ-ын нэг сансрын нисгэгчийн хувьд байдал нааштайгаар эргэж байгаа юм.
НАСА-ийн сансрын нисгэгч Фрэнк Рубио, Роскосмосын сансрын нисгэгчид болох Сергей Прокопьев, Димитрий Петелин нараас бүрдсэн нислэгийн баг анх 2022 оны есдүгээр сард Союз МС-22 сансрын хөлгөөр хөөрч, ОУСС-д хүрсэн ч 12 дугаар сарын 14-нд уг хөлгийн хөргөлтийн системд доголдол үүсч, хөргөлтийн шингэн задгай сансарт алдагдсанаар тэд дэлхий рүү буцах “унаагүй” болоод байсан гэж хэлж болно.
Уг гэмтлийг жижиг хэмжээний солирын хэлтэрхий ирж мөргөсний улмаас үүсгэсэн гэж үзэж байгаа бөгөөд энэ гэмтлээс болоод дараагийн ээлжний нислэг хойшилж, сансрын станцын холболтын модулиудын хуваарь ч мөн солигдоход хүрчээ. ОУСС дээрх нислэгийн баг Союз МС-22 хөлөгт учирсан гэмтлийг шинжилж үзээд, үйлчилгээний модулийн гадна байрлах хөргөлтийн радиаторт 0,8 мм хэмжээтэй цоорхой үүссэнийг олж тогтоогоод байсан юм.
Нэгэнт гэмтэл гарсан учраас Союз МС-22 хөлгийг нисгэгчгүйгээр станцаас салгаж, 3-р сарын сүүлчээр эх дэлхийд буулгах бол одоо байгаа нисгэгчдийн баг Союз МС-23 хөлгөөр энэ оны 9-р сард эх дэлхий рүүгээ ирэх ажээ. ОХУ-ын Роскосмос агентлаг гэмтэлтэй МС-22 хөлгийг агаар мандалд аль болох шаталт, халалтаас бага гэмтэлтэйгээр буулгаж авчрахыг хичээж байгаа ба ингэж гэмээнэ тэд учирсан гэмтлийг илүү нарийн шинжлэх боломжтой болно. 2018 онд ОУСС руу аялал хийсэн Союз капсулаас мөн хий алдагдаж байсан бол 2023 оны 2-р сарын 11-нд хөөрсөн ачааны зориулалттай робот хөлөг Прогресст мөн хөргөлтийн шингэн алдагдсан асуудал гарч байлаа.
Зарим нэг мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар Союз МС-22 болон Прогресс хөлгүүдэд учирсан гэмтэл нь солир гэхээс илүүтэй дэлхийгээ хөөрөх үед учирсан гэмтэл байх магадлалтай гэнэ. Гэхдээ энэ хардлагын дагуу хөөрөх үед хөлгийг зориуд гэмтээсэн эсэхийг нарийн шалгаж, мөрдлөг явуулсан ч нотолгоо олдоогүй юм.
Эх сурвалж: NASA