/2023.03.02/ Хөвсгөл нуурын эрэг, Хүй толгойн урд Хайчийн аманд "Хөх сувд-2023" мөсний баяр өнөөдрөөс эхэлж байна.
Мөсний баяр болох Хатгал тосгоны Хайчийн аманд мөсний зузаан 142 см байгаа бөгөөд өмнөх жил 105 см зузаан байжээ. Энэ жилийн хувьд мөс зузаан хөлдсөн байгаа боловч Хөвсгөл нуурт 5-6 хил гарсан байна. Тиймээс арга хэмжээний үеэр иргэд аюулгүй байдлаа ханган, хориглох тэмдэг, хязгаарлах тууз байрлуулсан газраар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.
Мөн аялагч иргэд шөнийн цагаар мөсөн дээр хөдөлгөөн үйлдэхгүй, бага насны хүүхдийг харгалзахгүй хүнгүйгээр мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхаарууллаа.
Иргэдийн анхааралд:
- Хориглох тэмдэг байрлуулсан газраар зорчихгүй байх
- Хязгаарлах шугамаас гадагш хөдөлгөөн үйлдэхгүй байх
- Шөнийн цагаар нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байх
- Автомашины араас чарга болон олсоор чирэгдэж явахгүй байх
- Гал түймрийн аюулгүй байдлаа хангах
- Нуурын мөсөн дээр хурд хэтрүүлэхгүй байх
- Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэдийг хараа хяналттай байлгах
- Мөсөн дээр халтирч унаж, гэмтэж бэртэхээс болгоомжлох
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
- Хувийн эд хөрөнгөдөө хараа хяналттай байх
- Хууль хяналтын байгууллагын албан хаагчдын шаардлагыг биелүүлж, аюулгүй байдлаа хангахыг уриалж байна.