/2023.02.09/: Оросын армийн ахмад, хөлсний цэрэг Игорь Мангушев Украинд толгойдоо ойрын зайнаас буудуулснаас хойш хэд хоногийн дараа эмнэлэгт нас барсан тухай түүний найзууд мэдэгдэв.
Мангушевын эхнэр Татьяна түүнийг амиа алдсан хэргийг цаазаар авах ажиллагаа гэж тайлбарлав.
Тэрээр эзлэгдсэн Луганск хотод нисгэгчгүй нисэх онгоцны ангиудыг удирдаж байсан ч Украины цэргүүдтэй тулалдаж буй хөлсний бүлэглэлийн үүсгэн байгуулагчдын нэг байсан юм.
Тэрээр өнгөрсөн зун хүний гавлын яс барин тайзан дээр гарч байсан бөгөөд тэрхүү гавлын яс нь Мариуполь боомт дахь Азовсталь гангийн үйлдвэрийг хамгаалж байгаад амь үрэгдсэн Украины дайчных байжээ.
Мангушев 2014 онд неонацист хөдөлгөөнөөс гарч, хувийн хөлсний Йенот (элбэнх) бүлэглэлийг үүсгэн байгуулжээ.
Тэрээр Оросын хамгийн зартай Евгений Пригожинтэй улс төрийн стратегийн чиглэлээр хамтран ажилладаг байсан нь хожим мэдэгдэж байсан юм.
ОХУ-ын мэдээлснээр түүнийг ойрын зайнаас 9 мм-ийн сумаар толгойны орой руу 45 градусын өнцгөөр буудсан бөгөөд сум түүний тархинд туссан гэж мэдэгджээ. Оросын эрх баригчид аллагыг шалгаж байгаа бөгөөд одоогоор нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөгүй байна.
Украинд 11 сар үргэлжилж байгаа дайн Орос дахь хэт даврагчдыг эрч хүчтэй болгож, тэдний хооронд өрсөлдөөн үүсгэж байна.
Эх сурвалж: ВВС