Б.Баярмаа: Газрын багц хуулийг энэ чигээр нь баталбал авлигыг улам “цэцэглүүлнэ“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баярмаа: Газрын багц хуулийг энэ чигээр нь баталбал авлигыг улам “цэцэглүүлнэ“

Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотойгоор “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаатай ярилцлаа.

-Газрын тухай багц хуульд олон нийт яагаад анхаарал хандуулж, саналаа өгөх ёстой вэ?
-Газрын хууль бол Монгол Улсын Үндсэн хуулийн дараа орохуйц маш чухал асуудал. Иргэдийн эрх тэгш амьдрах боломж энэ хуулиар бий болно. Бид байгалийн баялаг болох алт, зэс, жонш, газрын тосны үр шимээсээ хүртэх боломжгүй болсон. Хэдийгээр Үндсэн хуульд эдгээрийг ард түмний баялаг байна гэж заасан боловч энэ эрхээ эдэлж чадаагүй, алдчихсан.

УИХ-ын чуулганаар Газрын багц хуулийн эхний хэлэлцүүлгийг хийчихсэн байгаа. Гэвч иргэд оролцох, санал хэлэх, хянах, шаардах эрх нь бүгд хязгаарлагдмал байна. Эрх ашиг нь хөндөгдөж буй хүмүүсээс нэг ч удаа санал аваагүй. Хуулийг боловсруулах үйл явцад иргэд нэг ч удаа оролцоогүй. Монгол Улсын Үндсэн хуульд газар өмчлөх эрх иргэн болон төрд байна гэж заасан байдаг. Гэвч одоо хэлэлцэж буй хуульд газрын харилцаа, газар өмчлөх, ашиглах асуудлыг бүгдийг нь төр зохицуулна гэж оруулсан байгаа. Төрийн эрх мэдэл улам л нэмэгдэж байна.

-Хуулийн үзэл баримтлал юу вэ?
-Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, баялгаа тэгш хүртэж ядуурлыг бууруулах, байгалийн нөөц баялгийг шударга хуваарилна гэж хуулийн үзэл баримтлалд тусгасан. Гэхдээ хуулийг бүтнээр нь уншаад үзвэл үүний эсрэг зүйл заалтуудыг оруулж ирсэн байгаа. Хамгийн үзэсгэлэнтэй газруудыг төр өөрийнхөө мэдэлд, өөрийн дур зоргоор тусгай хэрэгцээндээ авч, дуудлага худалдаа зохион байгуулан зарах бололцоотой зүйл заалтуудыг оруулж ирсэн.

Тиймээс уг хууль Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчсөн гэж харж байгаа. Мөн Засгийн газрын хуулийг зөрчсөн. Учир нь Барилга хот байгуулалтын яам бол байгалийн нөөц баялгийг зохицуулах, энэ төрлийн хуулийг санаачлах газар биш. Хүн ам суурьшиж буй газрын харилцааг л зохицуулах ёстой. Гэтэл газрын ерөнхий хуулийг санаачилж өргөн барьчхаад үүндээ нийцүүлж байгалийн бусад бүх нөөц баялгийг хэрхэн яаж ашиглах зохицуулалтыг оруулж ирж байна. Тиймээс Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн энэ хуулиа нэн даруй татаж авч, эрх бүхий байгууллага болох БОАЖЯ-аар шилжүүлэх ёстой.

-Олон нийтийн эрх ашгийг хамгийн их зөрчиж болохуйц зүйл заалтууд юу байна вэ?
-Хамгийн ноцтой заалт нь улсын тусгай хамгаалалттай газрыг гадаадын иргэдэд дуудлага худалдаагаар зарах гэж байгаа. Ийм байж болохгүй. Улсын тусгай хамгаалалттай газар бол байгалийн өвөрмөц тогтоцтой, дэлхийн болон монголын улаан номд орсон газар нутаг байдаг. Онгон дагшин байдлаар нь хадгалж үлдэх ёстой гэсэн газруудыг улсын тусгай хамгаалалттай газарт авдаг. Монгол Улс газар нутгийнхаа 30 хувийг улсын тусгай хамгаалалттай бүс нутаг болгоно гэж НҮБ-д амлалт өгсөн. Гэвч эдгээр газраа дуудлага худалдаагаар зарах гэж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт дуудлага худалдаагаар газар авах бол хугацаатай болон хугацаагүй байж болно гэж тусгасан. Маш аймшигтай хор уршигт хүрч болох нөхцөлийг бий болгож байна.

Дараагийн ноцтой заалт бол газар эзэмшилт. Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй. Улаанбаатарт 0.7 га, аймгийн төвд 0.35 га, сумын төвд 0.7 га газар эзэмших эрхтэй байдаг. Гэхдээ нийт иргэдийн 20 хувь нь л энэ газраа өмчилж авсан гэсэн судалгаа байна. 80 хувь нь газраа өмчилж авч чадаагүй. Гэтэл гаднынхан хаус, гэр сууцаа барих 0.5 га газрыг 10 жилийн хугацаатайгаар ашиглах боломжтой заалт орж ирсэн байна. Үүнээс өмнө эхлээд иргэддээ газар өмчлүүлэх асуудлаа шийдэх ёстой.

-Хадлангийн газрыг дуудлага худалдаагаар зарах зүйл заалт орж ирж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Тийм ээ. Энэ маш ноцтой заалт. Монголд хадлан хадах талбай маш цөөн. Хэнтий, Дорнод, Хөвсгөлийн ой бүхий хэдхэн газарт л хадлан авах талбай байдаг. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд цөлжилт их явагдаж талбай нь улам жижгэрч байна. Ийм байтал энэ хэсэгхэн газрыг дуудлага худалдаагаар зарна гэж хуульд тусгасан. Харин малчид нэг жилийн хугацаатай гэрээ хийж хадлан авч болно гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл манайх шиг мал аж ахуйн орны хувьд малчин иргэдийн газар эзэмших, ашиглах эрх маш их хязгаарлагдсан зүйл заалтууд орж ирж байгаа.

Ард иргэдийн оролцоогүйгээр төр өөрөө бүгдийг мэддэг, ардчилал, хүмүүнлэг нийгмээс ухарсан, байгалийн баялгийг шударга хуваах зарчмаас ухарсан зохицуулалт хийх гэж байгаад харамсаж байна.

-Газрын салбар маш их маргаан дагуулдаг шүү дээ. Хэрэв энэ хуулийг олон нийтийн оролцоогүйгээр баталчихвал цаашид гарах үр дагавар нь ямар байх бол?
-Газрын салбар бол авлигын маш том орой зай. Өнөөдөр шүүх дээр хэлэлцэгдэж байгаа захиргааны нийт хэргийн 23 хувь нь газрын асуудал байна. Шүүхээр шийдэгдсэн 4 маргааны нэг нь газрын асуудал байна. Одоо хэлэлцэж буй хуулийн шинэчилсэн найруулгын төсөл улам авлигыг өдөөж, цэцэглүүлэхээр байна. Тиймээс нэг нам үнэмлэхгүй олонхоороо байгаа үед яаран сандран энэ хуулийг баталж болохгүй. Хуулийг татаж авч зүйл заалт бүрийг нь иргэдэд танилцуулж хэлэлцэж, зөвшөөрлийг нь авч байж батлах хэрэгтэй.

Бид дараа үеийнхэндээ байгалийн нөөц баялгаасаа үлдээж ёстой. Үе хоорондын шударга ёсны зарчмыг алдагдуулж болохгүй. Бид үнэхээр их шуналтай байна. Байгалийн нөөц баялгаа шуналын нүдээр харж, зарах, борлуулах, худалдах, гадаад иргэдийг татах гэсэн ашиг сонирхолдоо хөтлөгдөж байна. Газрынхаа унаган төрх, үнэ цэнтэй байдлыг хадгалах зохицуулалт нэг ч байхгүй. Монгол улсын нутаг дэвсгэрт хүний нүд баясгах зүйл нэг ч байхгүй болох нь байна.

-Ярилцсанд баярлалаа.

“Авлигатай тэмцэх жил болгох тухай” ЗГ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна
“Авлигатай тэмцэх жил болгох тухай” ЗГ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.