/2023.01.24/: Калифорнид ази гаралтай 11 хүнийг буудаж хөнөөснөөс хоёрхон хоногийн дараа дахин халдлага гарч долоон хүний аминд хүрсэн байна.
Сүүлийн халдлага нь Сан Франциско хотоос өмнө зүгт 50 км-ийн зайд орших Халф Мун Бэй хотын эрэг дээр хоёр өөр газарт болсон бөгөөд халдлага үйлдсэн этгээдийг нутгийн оршин суугч 67 настай Жао Чунли гэдэг аж.
Эхний дөрвөн хохирогчийг орон нутгийн цагаар 14:22 орчим мөөгний фермээс олсон бол үлдсэн гурвыг нь ойролцоох ачааны аж ахуйгаас олжээ.
Сан-Матео тойргийн шериф Кристина Корпусын хэлснээр сэжигтнийг 16:40 цагийн орчимд орон нутгийн цагдаагийн газар руу машинтай явж байхад нь баривчилсан бөгөөд түүнийг баривчлах үед түүнээс халдлагад ашигласан байж болзошгүй хагас автомат гар буу олдсон байна.
Халдагчийн найм дахь хохирогч эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь маш хүнд байна.
Эх сурвалж: ВВС