/2023.01.24/ Өнгөрсөн оны аравдугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн 26 дугаар хороонд зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал осол гаргасан Ч.Маралмаа нь эсрэг урсгал сөрж долоон автомашин, хоёр хүүхэд мөргөсөн байдаг.
Тэгвэл Ч.Маралмаад холбогдох шүүх хурал өнөөдөр буюу энэ сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 11:00 цагаас хаалттай болохоор товлогдсон байсан юм. Гэвч шүүх хурал ирэх сарын 10-ны өдрийг хүртэл хойшилжээ.
Үүнтэй холбоотойгоор осолд өртсөн хоёр охины нэг болох хохирогч О-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг дараах мэдээллийг өглөө. Тэрээр:
-Шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзсан гэх шалтгаанаар шүүх хурал хойшлогдлоо. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч, түүний өмгөөлөгч болон улсын яллагч оролцсон. Мөн прокурор солигдож орж ирсэн байна лээ. Ямар шалтгаанаар гэдгийг нь мэдэхгүй байна. Шүүгдэгч өөрөө ирсэн.
Өмгөөлөгч хүний хувьд хохирогч охин бол насанд хүрээгүй хүүхэд. Энэ утгаараа амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна гэж үзэж байна. Хичээлээ тараад явж байсан хүүхэд шүү дээ.
Одоогоор хохирогч охины биеийн байдал хэвийн байгаа гэлээ.