/2023.01.20/: Орос, Хятад хоёр ирэх сард Өмнөд Африкийн эрэг орчмын Энэтхэгийн далайд тэнгисийн цэргийн сургуулилт хийх нь Африкийн хамгийн өндөр хөгжилтэй оронтой харилцаагаа бэхжүүлж буйн бас нэг илрэл юм.
Өмнөд Африкийн зэвсэгт хүчин хоёрдугаар сарын 17-ноос 27-ны хооронд Дурбан, Ричардс булангийн ойролцоо болох “үндэсний далай тэнгисийн сургуулилтад” оролцохоо мэдэгдэв.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Өмнөд Африкт айлчилж, гадаад хэргийн сайд Наледи Пандортой хэлэлцээ хийхээс хэд хоногийн өмнө энэхүү мэдэгдлийг хийлээ.
Энэ сургуулилт нь Орос Украинд түрэмгийлсний нэг жилийн ойн хүрээнд хоёрдугаар сарын 24-нд болох аж.
Хоёрдугаар сарын 17-ноос 27-ны хооронд далайн эргийн Дурбан болон Ричардс Бэй хотуудын ойролцоо зохион байгуулагдах сургуулилт нь "Өмнөд Африк, Орос, Хятадын аль хэдийн цэцэглэн хөгжиж буй харилцааг бэхжүүлэх арга хэрэгсэл" гэж Өмнөд Африкийн Үндэсний батлан хамгаалах хүчин мэдэгдэв.
Өмнөд Африктай олон арван жилийн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж ирсэн АНУ энэхүү мэдэгдлийг хийсэн даруйд дургүйцлээ илэрхийлэв. ӨАБНУ-ын Преториа дахь АНУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Дэвид Фелдманн мэдэгдэлдээ, "Москва хэрцгий, хууль бусаар халдан түрэмгийлсээр байгаа ч Өмнөд Африк хамтарсан сургуулилт хийх төлөвлөгөөтэй байгаад бид санаа зовниж байна" гэжээ.
Эх сурвалж: Aljazeera