С.Амарсайхан: Зарим аймаг сумдад шатахууны дэмжлэг өгч байгаа, цаашид ч үргэлжлүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Зарим аймаг сумдад шатахууны дэмжлэг өгч байгаа, цаашид ч үргэлжлүүлнэ

/2023.01.04/: Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар "Өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх" мэдээллийг сонслоо.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийв.

Тэрбээр мэдээлэлдээ, “Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 277 дугаар тогтоол, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 09 дүгээр албан даалгаврыг гаргаж, орон нутагт хэрэгжилтийг ханган ажилласан.

Үүнд: Улсын онцгой комиссоос 2022 оны наймдугаар сарын 9-ний өдөр зуншлага тааруу байсан 11 аймагт гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг, 10 дугаар сард 11 аймагт зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг тус тус хийсэн.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар салбарын яамд, орон нутгийн удирдлагуудын мэдээллийг 2022 оны 8, 9 дүгээр сард цахим хурлаар, 10, 11 дүгээр сард хоёр удаа Улсын онцгой комиссын хуралдаанаар сонсож, өвөлжилт хүндэрч болзошгүй зарим аймгийн малчид, иргэдэд төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ хүрэхгүй тасалдахаас урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгож, бэлтгэл бэлэн байдлыг хангах, малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн бэлэн байдлын нөөцийг бүрдүүлэх, өвс, тэжээл, дарш шүү зэргийг нөөцлөх, зохион байгуулалтын ажлын уялдааг сайжруулах гэх мэт үүрэг чиглэл өгч, хэрэгжилтийг хангаж ажилласан гэж байлаа.

Мөн Төв аймгийн зарим сумдад ажиллаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж цаашид баруун болон говийн аймгуудад ажиллахаар төлөвлөж байна. Өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлж Улсын онцгой комиссоос Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв аймагт тэжээл, Баянхонгор, Дундговь, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Увс аймагт өвс, тэжээл буюу нийт 1,171 тонн өвс, 8,024 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр олгох саналыг Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн.

Алслагдсан нутагт өвөлжиж буй малчдад төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Гал түймэр унтраах, аврах анги, Говь-Алтай аймгийн Алтай, Завхан аймгийн Баянтэс, Ховд аймгийн Булган, Алтай, Увс аймгийн Бөхмөрөн, Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Өндөрширээт, Өмнөговь аймгийн Гурвантэс, Завхан аймгийн Отгон зэрэг сумдын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвүүдэд туулах чадвар сайтай автомашин олгосон гэв.

Улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.6 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Үүнээс энэ жилийн өвөл, хавар 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих нөхцөлтэй байна. Отроор өвөлжих малчин өрх, малын тоо нь өмнөх оноос 2.2 мянган малчин өрх, 1.1 сая малаар өссөн дүнтэй байгааг Шадар сайд мэдээлэлдээ дурдлаа.

Мөн Монгол Улсын нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон байгаагаас Алтай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их, Баян-Өлгий аймгийн Булган, Увс аймгийн Тэс, Баруунтуруун, Малчин, Давст, Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Баянхонгор аймгийн Заг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Цээл, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумуудад 10-20.0 см, Увс, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон, Төв, Хэнтий, Дорнод аймгийн зарим, Архангай, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар 5-10.0 см, бусад нутагт 1-5 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см зузаан цас тогтжээ.

Зудын эрсдэлийн дүгнэлтээс үзвэл нийт нутгийн 60 шахам хувьд их, 30 гаруй хувьд нь дунд, 10 орчим хувьд нь бага эрсдэлтэй байна. Өнөөдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий зэрэг 13 аймгийн 160 суманд зудын эрсдэл их байна.

Дээрх аймаг, сумдад 99.8 мянган өрхийн 35.9 сая мал өвөлжихөөс 87.9 мянган өрх, 30.4 сая мал орон нутагтаа, 11.9 мянган өрх 5.5 сая мал отроор өвөлжиж байна. Цаашид ч цагийн байдал хүндэрч, зудын эрсдэл нэмэгдэх аймаг, сумдын тоо ихсэх хандлагатай байгааг дурьдах нь зүйтэй гэж байлаа.

Түүнчлэн энэ оны нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тундас дундаж байна. Зүүн аймгуудын нутгаар цас багатай байх бол говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ялимгүй их цас орох төлөвтэй байгааг Шадар сайд С.Амарсайхан мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ мал хөлөөр бэлчих боломжгүй цас ихтэй байгаагаас малдаа өдөр тутам тэжээл өгч байгаагаас өвс, тэжээлийн хүрэлцээ хангалтгүй болох нөхцөл байдал үүсэж байна. Сум, багийн хэмжээнд өвс, тэжээлийн нөөц дуусаж байгаа тул аймаг, орон нутгийн нөөцөөс гаргаж байна. Энэ жилийн өвс, тэжээлийн нөөцийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 2-3 дахин өссөн үзүүлэлттэй байна гэж байлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Аубакир, Ж.Батжаргал, Ц.Цэрэнпунцаг, Ц.Идэрхангай, Н.Ганибал, Т.Энхтүвшин нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, “Цагийн байдал хүндэрсэн энэ нөхцөлд тэжээлийн найрлага, олдоц, хангамжийн асуудалд мэргэжлийн байгууллагуудын үгийг сонсож, нэгдсэн зөвлөмж гаргаж ажиллах, малчдын мал маллагаа, тэжээл сувилгааны зөвлөмжүүдийг орон нутагруу мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан хүргүүлж ажиллах хэрэгтэй” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин "Хаваржилт хүндрэх төлөвтэй тул нэгдүгээр сардаа багтаан өвс, тэжээлээ эрсдэлтэй аймаг сумдадаа хүргэх, отроор явж буй малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах, арилжааны банкууд малчдад чиглэсэн зээл олголтоо зогсоосон тул холбогдох байгууллагууд энэ асуудлыг судалж үзэх, банкныхан уулзаж, ярилцах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.

Мөн гишүүдийн зүгээс өвөлжилт хүндэрсний улмаас цасанд хучигдсан автозам, давааг нээхэд батлан хамгаалах салбарын зүтгэх хүчний техникүүдийг ашиглахад хамтарч ажиллахад анхаарч буй, эсэх орон нутагт шатахуун ялангуяа дизель түлшний хангалт тааруу байгаад арга хэмжээ авч байгаа талаар илүүтэй лавлав. Мөн энэ жил улсын хэмжээнд өвс, тэжээлийн нөөц хэр байгаа талаар тодруулж байлаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хариултдаа, зарим аймаг, сумдад улсын нөөцөөс шатахууны дэмжлэгүүдийг үзүүлж байгаа бөгөөд цаашдаа ч уг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлнэ. Түүнчлэн дизель түлшний хангалт шийдвэрлэх шаардлагатай асуудал болоод байна.

Тухайлбал, Багануурын нүүрсний уурхайн дизель тасалдсан асуудал өнгөрсөн хугацаанд гарсан. Нөөц бүрдүүлэх үүднээс гурван вагон түлшийг татаж аваад байна. Тиймээс дизель түлшний нөөц бүрдүүлэх, хангалт нийлүүлэлтийн асуудалд Онцгой байдлын ерөнхий газар аймаг, орон нутгийн онцгой комисстой хамтарч ажиллаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байгааг тодотгов. Мөн тэрбээр, том оврын автомашин дутагдалтай байгаа тул автозамын орц, гарцыг нээхэд хүндрэлтэй байна. Иймд Улсын онцгой комиссоос зэвсэгт хүчний холбогдох ангиудаас том оврын автомашинуудыг түр авч ажиллуулахаар Батлан хамгаалах яамтай ярилцаж, арга хэмжээ авахаар ажиллаж байна хэмээн хариулав.

Харин Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү, “Улсын нөөцөөс нийтдээ 11 аймагт 1171 тонн өвс, 8024 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор бэлтгэсэн. Мал аж ахуйн салбарын бэлтгэл ажлын хүрээнд малчид нийт өвс 1.1 сая тонн, сүрэл 15.0 мянга, ногоон тэжээл 88.0 мянга, үйлдвэрийн тэжээл 32.4 мянга, гар тэжээл 47.9 мянга, дарш 13.1 мянга, хужир, шүү 92.2 мянган тонныг тус тус бэлтгэсэн. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 84.5 хувийг эзэлж байна. Мөн аймаг, нийслэл, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд нийтдээ 21 мянган тонн өвс, 8.2 мянган тонн тэжээл бэлтгэсэн. Энэ нь бэлтгэвэл зохих нөөцийн 94 хувийг бүрдүүлж байна гэсэн мэдээлэлтэй байна” хэмээн хариулсан.

Ингээд мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооноос Засгийн газар болон холбогдох яам, газарт хуралдааны тэмдэглэлээр үүрэг, чиглэл өгөхөөр тогтов

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.