/2022.12.01/: Иргэн Нарангаас “чанарын шаардлага хангахгүй бараа нийлүүлсэн “Д” ХХК-иас барааны үнэ 2,400,000 төгрөг, алдангийн хамт гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Наран нь iPhone 11 загварын, 256 GB багтаамжтай, шар өнгийн гар утасыг АНУ-аас худалдан авахаар “Д” ХХК-д захиалга өгч, тус компанид 2.400.000 төгрөгийг шилжүүлсэн, гэтэл захиалан авчруулсан гар утас нь чанарын шаардлага хангахгүй буюу асахгүй, хэрэглэх боломжгүй байсан тул гар утсыг “Д” компанийн төлөөлөгчид буцаан өгсөн байна.
Хариуцагч “Д” ХХК-иас “...АНУ-ын нэрийн дэлгүүрээс гар утсыг худалдан авч, Монгол руу каргогоор дамжуулан явуулсан, утсыг нэхэмжлэгч хүлээн авсан, хүлээн авснаас хойш утсыг задалсан байхыг үгүйсгэхгүй тул бид хохирлыг хариуцахгүй, … тухайн гар утсанд гарсан гэмтлийг тодруулахын тулд мэргэжлийн шинжээчид үзүүлэхэд “ … гар утасны эд ангийн 90 хувийг нь сольж өөрчилсөн, үүнийг мэргэжлийн хүн хийсэн байна...” гэсэн дүгнэлт гарсан. Иймд нэхэмжлэгчийн төлбөр болон алдангийг бид хариуцахгүй, харин шинжээчийн төлбөр 190.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна” гэж марган, сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Талуудын хооронд бараа худалдах-худалдан авах тохиролцоо хийгдэж, гэрээ байгуулагдсан бол худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч мөнгийг төлж, барааг хүлээн авах үүрэгтэй.
Шүүх маргааныг хянаад, гар утас худалдах тал нь чанарын доголдолтой барааг шилжүүлсэн нь гэрээний үүргээ зөрчсөн гэж үзнэ, энэ тохиолдолд, худалдан авагч тал буюу нэхэмжлэгч Наран нь гэрээг цуцалж, төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй гэж үзэж, гар утасны үнэ 2.400.000 төгрөгийг хариуцагч “Д” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Наранд олгохоор шийдвэрлэв.
Харин, гэрээний үүргээ биелүүлээгүй бол алданги тооцох талаар талууд гэрээгээр тухайлан тохиролцоогүй тохиолдолд нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзэж, “Д” ХХК-иас алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
САНАМЖ: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Шүүхийн шийдвэрийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.
Эх сурвалж: ШҮҮХ