/2022.11.28/ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Буриад улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн Хүндэт профессор Д.Ухнаа таалал төгсчээ.
Тэрээр Улсын хөгжимт драмын театрын дуучнаас ажлын гараагаа эхэлж, соёл, урлагийн хөгжлийн төлөө тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө Монголын болон дэлхийн сонгодог олон арван дуурьт гол дүр бүтээж, Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 200 гаруй тоглолт, Соёл-Эрдэнэ хамтлаг, Баян Монгол чуулгын 400 гаруй тоглолтыг удирдан зохион байгуулжээ. Мөн 4,500 гаруй концерт хөтөлж, 220 гаруй концерт найруулан үзэгч түмний хүртээл болгосон. Дэлхийн 70 гаруй улсад Монголын урлагийн 400 гаруй удаагийн тоглолт зохион байгуулан үндэсний болон эстрад урлагийг сурталчлан таниулж, соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм билээ.
Гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.