/2022.09.30/: 2022 оны есдүгээр сарын 12-оос аравдугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд "Илрүүлэгт-Оргодол 2022" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас эрэн сурвалжлагдаж байгаа орогдол этгээдүүдийг эрэн хайх, олж тогтоох, хэрэг материалыг шийдэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
Эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Д.Очгэрэл "Энэ арга хэмжээний хүрээний есдүгээр сарын 9-өөс өнөөдрийг хүртэл нийт 54 этгээдийг олж тогтоосон. Үүнд иргэний хэрэгт шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлс хийсэн этгээд 29, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд 1, торгох ялаар шийтгэгдсэн этгээд 1, нийтэд тусдаа ажил хийлгэхээр ял шийтгэгдсэн этгээд 4, зорчих эрхийг хязгаарлах ял буюу цахим бугуйвч зүүсэн этгээд 19-ыг олж тогтоогоод байна.
2017 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн зорчих эрхийг хязгаарласан ялаар шийтгэгдсэн этгээдүүдээс 117 этгээд оргон зайлж, үүнээс 100 хүнийг олж тогтоон 17 оргодлыг эрэн сурвалжилж байна.
Хичээлийн шинэ жил эхэлж улирлын чанартай гэмт хэргийн гаралт ихэсдэг энэ үед тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн.
Тус арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан 1725 хүн мал, эд зүйлийг олж тогтоосон. Үүнээс оргодол 106, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 658, сураггүй алга болсон 91, галт зэвсэг 3, шүүхээс даалгасан хүн 654, зөрчлийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа этгээд 130, тээврийн хэрэгсэл 72, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээд 3 байна" гэлээ