/2022:09:30/: Монгол Улсын Хөгжлийн банк “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замыг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотойгоор “Эрдэнэс Монгол” ХХК-д 2014 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 170.5 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байдаг.
“Эрдэнэс Монгол” ХХК нь өчигдөр дээрх зээлээсээ 117.2 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлснөөр 44.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, хэвийн ангилалтай зээл боллоо.
Дээрх төслийн талаар тодруулбал, “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 299 дүгээр тогтоолын хүрээнд олгогдсон зээл бөгөөд төсөл 100 хувь хэрэгжсэн.
Эргэн сануулахад, тус төсөл нь Хөгжлийн банкны зээлийн өр төлбөрийг барагдуулахаар гаргасан Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 220 дугаар тогтоолд багтсан юм.
Ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зээлээс 117.2 тэрбум төгрөг төлөгдсөнөөр Хөгжлийн банкинд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 766.5 тэрбум төгрөгийн төлөлт хийгдээд байна.