21 дүгээр зуун гарсаар цэрэг дайны ажиллагаанд олон шинэ технологи ашиглагдах болов. Зориуд хөгжүүлсэн болон явцын дунд санамсаргүй олж нээсэн технологийн хөгжил нь цэргийн ажиллагаа, тактикт шинэ дэвшил авчирсаар байгаагийн нэг тод жишээ нь Орос-Украины дайн билээ.
Карл вон Клаузвиц нэгэн цагт “Дайснаа өөрийнхөө эрхэнд хүчээр оруулахын тулд хийж буй үйлдлийг дайн гэж нэрлэнэ” хэмээн томъёолж байсан тэр үеэс хойш дайны зорилго, чиглэл өөрчлөгдөөгүй хэдий ч өнөө үед техник технологи хөгжихийн хэрээр довтолгоо, хамгаалалтын арга хэлбэрүүд өөрчлөгдөж, технологийн давуу тал ялалтад хөтлөх нэг хүчин зүйл болж хувираад байна.
Орос-Украины дайнд олон тооны зэвсэгт хүчний шинэ технологиуд ашиглагдаж, мөн туршигдаж буй. Хэдий удаан ч гэлээ Украины зэвсэгт хүчин барууны дэмжлэгтэйгээр хамгийн сүүлийн үеийн шинэ технологиудыг эзэмшсээр байна. Үүний нэг жишээ бол 1989 онд бүтээгдсэн, зөөврийн танк эсэргүүцэгч пуужин Жавелин юм. Жавелин бол яах аргагүй Оросын дайралтын эрчийг сааруулж, тулааны ирээдүйд нөлөөлж буй зэвсэг бөгөөд одоогийн байдлаар 1500 гаруй танк, хуягт хэрэгслийг энэ зэвсгээр устгаад байгаа билээ. Хэдий тийм ч энэ технологи нь өнгөрсөн зуунд бүтээгдсэн эд гэдгийг санах хэрэгтэй.
UAV буюу дрон
Мэргэжилтнүүд хүнгүйгээр өөрийгөө удирддаг хэрэгслүүд ирээдүйн дайны талбарт тулалдана гэж үзэж байгаа ч нисгэгчгүй тээврийн хэрэгсэл буюу дронууд аль хэдийнээ орчин цагийн дайн тулаанд голлох үүрэг гүйцэтгэх болж, шинэ технологи хөгжихийн хэрээр хүн ба техникийн хоршин ажиллах шинэ арга хэлбэрүүд нээгдэж байна.
Тухайлбал, Орос-Украины дайн нь урьд өмнөх бүх дайн тулаануудад үзэгдээгүйгээр олон тооны дрон ашигласан тулаан болж байгаа. Дайн эхэлснээс хойш Украины тал гэхэд Оросын 60 нэгж техникийг дрон ашиглан устгасан гэдгээ мэдэгдсэн бөгөөд дрон хэдий тулааны хувь заяаг шийдвэрлэх хэмжээнд ч биш ч гэлээ Украины талд ашигтайгаар байдлыг эргүүлэхэд том хувь нэмэр оруулж байгаа билээ.
Хэдийгээр хоёр тал хоёулаа дроныг маш идэвхитэй ашиглаж байгаа ч энэ дайнд Турк улсад үйлдвэрлэсэн Bayraktar TB2 дрон үнэхээр өөрийгөө нотлон харуулав. Уг дрон нь лазер чиглүүлэгчтэй бөмбөгөөр зэвсэглэж, дайсны хуягт машин, явган цэрэг, цэргийн байршилуудад цохилт өгсөөр байгаа. Мөн Орос-Украины дайнд өргөнөөр хэрэглэгдэж буй өөр дрон бол АНУ-аас тусламжаар нийлүүлсэн Switchblade болон Оросын Ланцет загварууд бөгөөд эдгээр нь “камиказе дрон” ангилалд хамаарна. Ингэж нэрийдэхийн учир нь камиказе дрон нь явган цэргийн үүргэвчид ч багтдаг, нисэх явцдаа эрэл хайгуул хийж, дайсны байршилийг илрүүлээд, агаараас бай руу шумбан орж, дэлбэрдэг онцлогтой юм.
Дээр дурдсан дронууд ашигт ажиллагаа өндөртэй ч тэр хэрээрээ үнэ ханш нь өндөр. Тиймээс Украины зэвсэгт хүчин энгийн хэрэглэгчид зураг, бичлэг хийхэд ашигладаг арилжааны дронуудыг өндөр нягтрал бүхий камераар тоноглон, гар утастайгаа холбож, дайсны байршил, хөдөлгөөнийг тандах, хянах тагнуулын зориулалтаар ашиглаж байна.
Хиймэл оюун ухаан
Мэдээлэл технологийн эрин зуунд гар утасны ганц товчлуур дараад асар их хэмжээний мэдээлэл цуглуулах боломжтой болсон. Дайны агуу стратегич Сун Цу-гийн “Дайснаа таньж мэд, өөрийгөө бүрэн таньж мэд. Ингэж чадвал зуу зуун тулаанд ч үл ялагдана” гэж сургасны дагуу дайсныхаа талаар мэдээлэл олж авах, тагнах зорилго нь өөрчлөгдөлгүй, харин хэрэгжүүлэх арга техник нь улам бүр хөгжиж иржээ.
Аль ч цаг үед дайсныхаа хүчин чадал, төлөв байдлын талаар мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа эрчимтэй хийгдэж ирсэн бөгөөд энэ ажиллагааг сүүлийн үед маш чадмагаар хэрэгжүүлж буй зэвсэгт хүчнээр Украины арми тодроод байна. Учир нь тэднийг дэлхийн хамгийн хүчирхэг тагнуулын албад мэдээллээр хангаж байгаа. Үр ашигтай тагнуулын ажиллагаа, оновчтой цохилт хийх чадвар зэрэг нь барууны холбоотнуудаас нь Украинд үзүүлж буй маш том дэмжлэг юм.
Мөн тэд өөрсдөө ч бусдын гар харан суулгүй, хиймэл оюун ухаанд суурилсан зураг дүрс, царай таних, мэдээлэл боловсруулах хэрэгслүүдийг ашиглаж байна. Clearview AI хиймэл оюуны компанитай хамтран тэд амь үрэгдсэн цэргүүдийн зургаар нэр усыг нь хайж олох, олон нийтийн сүлжээн дэх хаягийг нь эрж хайх замаар тэдний ар гэрт түргэн шуурхай хэл дуулгах, цогцсыг нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна.
Оросын цэргүүд шифрлэлт хийгдээгүй цэргийн холбооны хэрэгсэл өргөнөөр ашиглаж байгаа нь Украины зэвсэгт хүчинд мөн ашигтайгаар тусч, тэдний холбоог замаас нь барьж авч сонссоныгоо Primer компанийн бүтээсэн хиймэл оюуны тусламжтайгаар яриаг текст болгон хувиргаж, зэвсэгт хүчний шийдвэр гаргагчдад ашигтай байж болохуйц мэдээллүүдийг шууд дамжуулах боломжтой болсон юм. Олон зуун шинжээчид нэгэн зэрэг ажиллаад ч маш урт хугацаанд боловсруулах боломжтой өгөгдлийг хиймэл оюун ухаан маш богино хугацаанд шинжилж, цэргийнхнийг чухал мэдээллээр хангаж байна.
Сансар
Дайн эхэлснээс хойш удалгүй Украины шадар сайд бөгөөд цахим шилжилтийн яамны сайд Михайло Федоров Твиттер сүлжээгээр дамжуулан, сансрын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч компаниудад хандан, тусламж хүссэн билээ. Федоровын энэ хүчин чармайлт талаар бололгүй, SpaceX компанийн босс Элон Маск түүнд туслахаар амалж, Старлинк интернэтийн үйлчилгээг Украинд нээж ажилуулахаар ам өгсөн юм.
Элон Маск хэлсэндээ хүрч, өнөөг хүртэл Украины зэвсэгт хүчний дронууд Старлинкийн хиймэл дагуулуудын тусламжтайгаар Оросын довтолгооны байршлуудыг амжилттай тодорхойлон, цохилт өгч байгаа. Өөр бусад энэ төрлийн компаниуд ч Украинд туслахаар нэгдэж, хиймэл дагуулын холбоо болон сансрын зураглалын үйлчилгээн дээр дэмжлэг үзүүлж буй. Үүний ачаар Украины зэвсэгт хүчин Оросын анги нэгтгэлүүдийн хөдөлгөөнийг цаг алдалгүй мэдэж чадаж байгаа бөгөөд хиймэл дагуулын тасралтгүй холбоогоор ч мөн хангагджээ.
Энэ бүхнээс үзэхэд Орос-Украины хооронд өрнөж буй энэ дайн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр технологи ашигласан дайн болж байгаа нь маргаангүй юм. Хэдийгээр сөргөлдөгч талууд хүн болон техникийн хүчээр хоёр талаасаа тулдаг дайны үндсэн хэлбэр нь хэвээрээ боловч хэзээ, хэрхэн, ямар хүчээр тулах вэ гэдгийг технологи шийдэж, дайн тулааны үндсэн зорилго болох өрсөлдөгчөө няцааж, өөрөө давуу тал олж авах, тусгаар тогтнолоо хамгаалахад нь нь тусалж байна.
Энэ дайн дууссаны дараа дэлхий даяар улс орнуудын цэрэг арми технологийн шинэчлэлтийг өргөн далайцтайгаар эхлүүлэх нь нэгэнт тодорхой болов. Үндэсний аюулгүй байдалдаа хангалттай хөрөнгө зарж чадах улс бүр өнөө үед хиймэл оюун ухаан зэрэг орчин үеийн технологи ашиглан, дайн байлдааны талаарх өгөгдөл цуглуулж байгаа ба дайн дууссаны дараа цуглуулсан өгөгдлөө ашиглан, ирээдүйн батлан хамгаалах, аюулгүй байдлын арга хэрэгслүүдийг зохион бүтээх нь дамжиггүй.
Ингэснээр дайн байлдааны ерөнхий дүр зураг тэр чигтээ шинэ шатанд гарч, зэвсэглэлийн системүүдээс гадна тэднийг удирдах цэргийн стратегичид, командлагч жанжинууд, тэр ч бүү хэл энгийн цэрэг байлдагчид хүртэл шинэ техник хэрэгсэл ашиглах, орчин үеийн тактикт шилжих шаардлага зайлшгүй үүсч байгаа юм.
Эх сурвалж: freiheit