Н.Эсүгэн: Хүүхдүүдийн дундах элэгний В С вирусын тархалт эрс багассан гэсэн судалгааны дүн гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Эсүгэн: Хүүхдүүдийн дундах элэгний В С вирусын тархалт эрс багассан гэсэн судалгааны дүн гарлаа

/2022.09.30/: Монгол Улсын хэмжээнд элэгний В С вирусын тархалт хамгийн өндөртэй орнуудын нэгд тооцогддог байна. Бид энэ удаагийн ярилцлагын буландаа Элэгний төвийн судлаач Н.Эсүгэнтэй ярилцлаа.

-Элэгний B C вирусын талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч. Хоорондоо юугаараа ялгаатай вэ?
-Элэгний B C вирус аль аль нь элэгний вирус боловч В вирус нь илүү ДНХ дээр тулгуурласан байдаг. Хоёулаа цусаар дамжин халдварладаг. Монгол улс дэлхийд тархалтаараа номер нэгд байдаг. Үүний гол учир шалтгаан нь 1960-аад оны үед халдварт өвчний эсрэг ванцинжуулалт хийхдээ олон удаагийн тариур ашигладаг байсан. Тухайн тариураа жигнэж ариутгадаг хэдий ч аливаа өвчний вирус үүнд устдаггүй.

Хоорондын ялгаа нь гэвэл элэгний В вирусын эсрэг вакцин байдаг хэдий ч эмчилгээ байхгүй. Харин С вирусын эсрэг вакцин байхгүй хэдий ч бүрэн эмчлэгдэх боломж байдаг. Мөн В вирус нь цаашдаа D вирус болох эрсдэлтэй. Элэгний B, C, D вирусууд нь хүндэрвэл элэгний цирроз, элэгний хатуурал үүсгэдэг.

-Элэгний вирус үүсэх үндсэн шалтгаан нөхцөл нь юу байдаг юм бол?
-Элэгний В С вирус нь аль аль нь хүнээс хүнд дамжин халдварладаг. Иймээс шивээс хийлгэх, чих цоолох зэрэгт халдвар дамжих боломжтой байдаг.

-Танайхаас нэгэн сонирхолтой судалгааг хийсэн байсан. Энэ судалгааныхаа талаар ярихгүй юу?
-Бид монгол хүүхдүүдийн дундах элэгний В С вирусын тархалтын судалгааг хийсэн. Судалгаанд орон нутгийн 20 аймгийн, 0-24 насны 3800 хүүхэд оролцсон. Бидний судалгааны үр дүнд В вирус 1.3 хувь, С вирус 0.3 хувийн тархалттай гарсан. 3800 хүүхдээс 12 нь С вирустэй. Харин 51 нь В вирустэй, эдгээр 51 хүүхдээс 15 нь D вирустэй гэж гарсан. Эдгээрээс 46 хүүхдийх В вирус тоологдсон. Тоологдоогүй үлдсэн нь D вирустэй болж таарсан.

Элэгний С вирустэй хүүхдүүдийн хувьд 3-ых нь вирус тоологдсон. Энэ нь вирусын идэвхжил өндөр байна гэсэн үг. Үлдсэн хүүхдүүд өмнө нь вируст өртөж байсан. Эсвэл вирусын эсрэг дархлаа нь тогтсон гэсэн үг юм.

Сүхбаатар болон Өвөрхангай аймгуудад В вирусын тархалт хамгийн өндөр гэж гарсан. Учир нь Сүхбаатар аймаг 21 аймгаас хамгийн сүүлд олон удаагийн тариурыг ашиглахаа больсонтой холбоотой. Мөн дөнгөж төрсөн нярайд хийх вакцинаа өглөө 10 цагт ганцхан удаа хийдэг. 11 цагт төрсөн хүүхэд маргааш өглөөний 10 цаг хүртэл хүлээх шаардлагатай болж байгаа юм. Дархлаажуулалтын вакциныг аль болох цаг алдалгүй хийх хэрэгтэй байдаг.

-Судалгааны үр дүн бидэнд юуг харуулах ёстой байна вэ. Өмнө нь хийгдэж байсан ийм төрлийн судалгаануудтай харьцуулахад ямар байна вэ?
-Өмнө нь Элэгний төвөөс 20-оос дээш насныхан дунд ийм тархалтын судалгааг хийж байсан. Энэ судалгаатай харьцуулахад 1991 оноос элэгний В вирусын эсрэг вакцинжуулалт хийж эхэлсэн. Бидний судалгаанаас харахад 20-24 насны залууст тархалт хамгийн өндөр байна. Энэ удаагийн судалгааг өмнө хийсэн судалгаатай харьцуулахад вирусын тархалт огцом буурсан харагдаж байгаа. Энэ нь вакцинжуулалт хийж эхэлсэнтэй холбоотой.

3200 хүүхдээс 3-хан хүүхэд идэвхтэй вирустэй байна гэдэг их сайн зүйл. С вирусын тархалт харьцангуй буурсан байна гэсэн үг. Өмнө нь хийгдсэн насанд хүрэгчдийн судалгааг харахад вирусын тархалт харьцангуй өндөр байсан.

Судалгаанд оролцсон хүүхдүүдийг түүврийн аргаар сонгож, аль болох бүх бүс нутгийг хамруулахыг зорьсон. Судалгааг асуумжийн аргаар авсан. Анх төрөхөд хийдэг вакцинжуулалтад хамрагдсан уу, мэс ажилбар хийлгэсэн үү, шивээс хийлгэж, чихээ цоолуулсан уу гэх мэт асуултыг асуусан нь вирусын халдвар хэрхэн дамжсаныг мэдэх зорилготой байсан.

Элэгний В вирусын вакциныг хийлгэхгүй байхад вирус авах магадлал 5 дахин ихэсдэг. Мөн вирус эхээс хүүхдэд дамжин халдварладаг. Ээж нь вирустэй байвал хүүхдийн вирустэй байх магадлал 2 дахин их байдаг.

-Дөнгөж төрсөн нярайд дархлаажуулалтын вакцин хийдэг. Энэ насан туршид нь хамгаалдаг уу. Эсвэл тодорхой хугацаатайтай байдаг уу?
-Дархлаажуулалтын вакцин 10-12 жил В вирусээс хамгаална гэж үздэг. Гэхдээ тодорхой хугацааны дараа вакцинжуулалт ахиж хийлгэх ёстой гэсэн заалт байдаггүй. Судлаач хүний байр сууринаас харахад хүүхэд 15 нас хүрээд В вирусын дархлааны шинжилгээ өгч, дархлаа муутай байна гэж гарвал нэмэлт вакцин хийлгэх шаардлагатай байдаг.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

Гэр бүлийн боловсрол олгох сургагч багш нар бэлтгэгдлээ
Гэр бүлийн боловсрол олгох сургагч багш нар бэлтгэгдлээ
 
Монголбанк Хар жагсаалтыг тэглэв
Монголбанк Хар жагсаалтыг тэглэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.