/2022.09.29/ “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022” үйл ажиллагаа энэ сарын 28, 29-ний өдөр болж, амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү чуулганаар Зүүн хойд Азид эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсгэж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, бүс нутагт тогтвортой эрчим хүчний салбарыг хөгжүүлэх сэдвийн хүрээнд санал дэвшүүлж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцлээ.
Ингээд үйл ажиллагааг хааж Сэргээгдэх Эрчим Хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ж.Осгонбаатар үг хэлсэн юм.
Тэрээр:
-Энэ жилийн чуулган эрчим хүчний шилжилт гэсэн сэдвийн хүрээнд явагдлаа. Өнгөрсөн жил цар тахлын улмаас “Go green” уриатайгаар цахимаар зохион байгуулж байв. Эрчим хүчний шилжилт бидэнд тулгарч буй гол асуудал болоод байгаа. Дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад олон улсын нийгэмлэгийн хамтын хүчин чармайлт чухал байна. Хүлэмжийн хийг хамгийн их ялгаруулдаг эрчим хүчний салбар аажмаар ногоон эрчим хүч рүү шилжих зайлшгүй шаардлага тулгарч байна.
Бидний эхний өдрийн үйл ажиллагаа эрчим хүчний шилжилт хийхэд Монгол Улс техник технологи, хууль эрх зүйн хувьд бэлэн үү гэсэн сэдвээр явагдсан. Харин өнөөдрийн хувьд дамжуулах сүлжээ, эх үүсвэрийн талаар ярилцлаа.
Гол шийдэх ёстой асуудал юу байв, төр засгийн түвшинд хэрхэн хүргэж ажиллах, мөн эрчим хүчний салбарын хөгжил гээд чухал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Цаашид дүрэм журмаа илүү боловсронгуй болгох чиглэлээр ажиллана гэж бодож байна.
Өнөөдрийн үйл ажиллагааны үр дүн ямар байсныг ирэх жилийн чуулганаар ярилцах болно. Дараа жилийн чуулганаар илүүтэй шинэ техник технологийн дэвшил, улс орнуудын чиг хандлагын талаар ярилцахаар төлөвлөж байна. Хоёр өдөр үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон та бүхэндээ баярлалаа гэв.