Нийслэлийн цэцэрлэгт элсэх хоёрдугаар шатны бүртгэл, хуваарилалтын талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлэл өглөө.
Цэцэрлэгт хамрагдах хүсэлт илгээсэн хүүхдүүдийн 88'362 нь төрийн өмчийн цэцэрлэгт, 25'292 нь хувийн хэвшлийн цэцэрлэгт хуваарилагдсан байна. Үүнтэй холбоотойгоор хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн хүүхдүүдийг сургаж байгаа бол хувьсах зардлыг олгоход ойролцоогоор 12 мянга гаруй хүүхдэд олгосон байна. Гэхдээ ачаалал өндөртэй байршлуудад сургалтын төлбөр болон байршлаас шалтгаалан зарим цэцэрлэгүүд бүрэн хүчин чадлаараа элсэлт авч чадаагүйтэй холбоотойгоор хоёрдугаар шатны бүртгэлд нэмэлтээр хүүхдүүдийг хувиарлана хэмээн Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хэллээ.
Тэрээр нэгдүгээр шатны бүртгэлд бүртгэгдээд улсын болон хувийн хэвшлийн цэцэрлэгт хуваарилагдаад бүртгэлээ цуцлуулсан 16'196 тохиолдол байгаа. Эхний шатны бүртгэл нь идэвхтэй ч гэсэн цэцэрлэг дээрээ очиж албан ёсоор гэрээгээ байгуулаагүй 12'217 хүүхэд байна. Хоёрдугаар шатны хуваарилалт болон баталгаажуулалт, эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх ажил наймдугаар сарын 27-30 ны хооронд үргэлжилнэ. Эдгээр 12 мянган хүүхэд энэ сарын 30 гэхэд цэцэрлэг дээрээ очиж гэрээ байгуулж бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай. Энэ хугацаанд элсэлтээ хийлгээгүй тохиолдолд бүртгэлийг цуцална. Гэхдээ одоо цуцалсан ч гуравдугаар шатны бүртгэлд дахин хамруулах боломжийг нээлттэй орхино.
Нэгдүгээр шатны бүртгэлд 3'979 хүүхэд хуваариа цуцалж хоёрдугаар шатанд дахин хүсэлт ирүүлсэн байна. Хоёрдугаар шатны бүртгэлийн баталгаажуулалт хуваарилалт өнөөдрөөс эцэг эхчүүдийн утсанд мессэжээр очно. Хоёрдугаар шатанд 11'038 хүүхэд бүртгүүлсэн.
Одоогоор хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд 7'296 сул орон тоо буюу хүчин чадлын боломж байна гэсэн санал ирүүлсэн. Хоёрдугаар шатны бүртгэл дээр ачаалал өндөртэй байршлуудад аль болох төрийн өмчийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн боломжийг харгалзан үзэж хуваарилалт хийнэ. Иймээс хоёрдугаар шатны бүртгэл дээр дийлэнх нь хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд хуваарилалт хийгдэнэ гэдгийг албан ёсоор мэдэгдье.
Гуравдугаар шатны элсэлт 10 сарын 10-наас эхлээд үргэлжилнэ. Энэ элсэлт үргэлжлээд дуусахад байж болох бүх бүртгэлийн процессууд, нөөц бололцоогоо бүрэн ашигласан байх болно" гэсэн юм.