Олон Улсын ШИНЭ эрчим хүчний чуулган 2022: “Дамжуулах сүлжээний цахим эрин“ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон Улсын ШИНЭ эрчим хүчний чуулган 2022: “Дамжуулах сүлжээний цахим эрин“ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна

/2022.09.29/ “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022” үйл ажиллагаа хоёр дахь өдрөө Корпрэйт зочид буудлын Конвэйшн төвд үргэлжилж байна.

Өнөөдрийн хувьд "Дамжуулах сүлжээний цахим эрин" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Уг сэдвийн хүрээнд,

  • Цахилгаан дамжуулах сүлжээний өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн төлөвлөлт
  • ZTT дамжуулагчийн шийдэл
  • Өндөр температурын унжилт багатай дамжуулагч
  • Сэргээгдэх эрчим хүчийг zenon-оор шийдэх нь зэрэг илтгэлүүдийг тавих юм.

Үйл ажиллагааны эхний өдрийн мэдээллийг ЭНД дарж авна уу.

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЭЛ НЬ БАЙНГА ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙХ ТУЛ ТА ДООШ ГҮЙЛГЭЖ УНШИНА УУ

2022 оны есдүгээр 29, 09.30 цаг.

Р.Ганжуур: Эрчим хүчээ хэмнэлтийн горимоор ашиглах хэрэгтэй

Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Р.Ганжуур эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилаа. Тэрээр:

"Өнөөдөр эрчим хүч хүнд байдалд орсон нь хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт төрийн шийдвэр гаргах түвшинд энэ салбарт анхаарал сул тавьснаас,хоёрдугаарт, алдагдалтай үнэ тарифаар борлуулснаас болж ийм байдалд хүрчихсэн. Гэхдээ одоогийн засгийн газар их анхаарал хандуулж байна. Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулах талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй тохироод НҮБ-ын Ерөнхий нарийн бичигтэй уулзаж дэмжлэг авсан. Үүнд их найдлага төрж байна. Мөн Ерөнхийлөгч Хүрэлсүх Москвад айлчлахдаа III цахилгаан станцыг ОХУ-ын талтай хамтарч байгуулахаар боллоо. Ингэж төрийн өндөрлөгүүд эрчим хүчний салбартаа анхаарал хандуулвал эрчим хүчний хүндрэлтэй асуудлаас гарч чадна. Гэхдээ үүнд тодорхой хугацаа шаардлагатай. Тэр болтол эрчим хүчээ хэмнэлтийн горимоор ашиглах хэрэгтэй.

Мөн үнэ ханшны хувьд 100 төгрөгөөр эрчим хүчээ үйлдвэрлэчихээд 72 төгрөгөөр зарж байгаа нь энэ салбарыг хүнд байдалд оруулсан.

Өмнөх жилүүдэд эрчим хүчний хүндрэл багатай байсан нь цаг агаарын байдал харьцангуй дулаахан өвөлжиж байсан. Энэ жил олон жилийн дунджаас илүү хүйтэн болох төлөвтэй байгаа. Цаг агаар -35 аас -39 болоход л нэлээн хүнд байдалд орно. Ямар нэгэн эвдрэл гэмтэл гарахгүй л бол даваад гарна. Гэхдээ айл өрх, ААН-үүд хувийн бэлтгэлээ сайн хангах зүйтэй. Ямарч эрсдэл гарсан өөрсдөө ахуйн хэрэглээ зохицуулах арга хэмжээг авах хэрэгтэй.

Дулааны цахилгаан станцууд гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд эрчим хүчний салбарт "Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах тухай хууль" гаргаж эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ингэснээр хөрөнгө оруулагчид өөрсдөө хандах боломжтой болно" гэсэн юм.

2022 оны есдүгээр 29, 11.00 цаг. "Дамжуулах сүлжээний цахим эрин" хэлэлцүүлэг.

2022 оны есдүгээр 29, 11.30 цаг.

USAID Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөр-ийн эрчим хүчний төлөвлөлт ба ашиглалтыг хариуцсан дарга О.Бавуудорж: Эрчим хүчний салбарыг илүү нээлттэй болгох шаардлага тулгарч байна

Зүүн гар талаас: О.Бавуудорж, Н.Намхай

-Өнөөдөр эрчим хүчний салбар ямар байгааг бүгд мэдэж байгаа байх. Энэ салбар бол маш төвлөрсөн, босоо удирдлагатай. Хэдийгээр хуулиндаа компани болгож хуваасан ч эцсийн дүндээ ерөөсөө л босоо удирдлагатай. Дээрээс юу гэнэ үү, тэрийг л гүйцэтгэдэг. Хамгийн төвөгтэй зүйл бол засаглал. Төрийн өмчит гэхээр зөвхөн төрийнх гээд том зургаар нь ойлгоод байдаг. Гэхдээ энэ бол бүх нийтийн өмч. Нэг төрлийн хувийн өмч гэсэн үг. Үүнд компанийн тунгалаг байдлыг хангахгүй бол ямар ч сайн техник технологи нэвтрүүлээд амжилт олохгүй. Үүний гол шалтгаан нь эрчим хүч бол маш хаалттай салбар. Энэ салбарт тунгалаг байдал гэсэн ойлголт байхгүй. Энэ байдлыг халах шаардлагатай. Ингэж байж компаниудын үр ашиг дээшлэх боломжтой. Ингэснээр цаашид хөгжих үүд хаалга нь нээгдэнэ. Засаглалыг сайжруулахад маш олон арга зам байна. Хамгийн наад зах нь компанийн удирдлагыг сонгодог механизмыг өөрчлөх шаардлагатай.

Эрчим хүчний тарифыг нэмнэ гэхээр надад утгагүй санагддаг. Үүнээс өмнө удирдлагын бүтэц, засаглалаа сайжруулах хэрэгтэй. Үүний дараагаар тарифаа нэмэх асуудлыг ярих ёстой. Гэтэл бид өнөөдөр засаглалын асуудал дээрээ л эргэлдээд байна.

2022 оны есдүгээр 29, 11.45 цаг.

Клин-Энэржи Ази компанийн төлөөлөгч МНХБЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн М.Батболд: Төсвийн аргачлалаа өөрчлөхгүй бол эрчим хүчний салбар хэзээ ч ашигтай ажиллахгүй

-Засгийн газраас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжинэ гэсэн бодлого баримталж ажиллаж байгаа. “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2050” зорилтын хүрээнд 10 гаруй мега төслүүд хэрэгжүүлж байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхэн бэлэн. Хүн хүчний хувьд туршлага суучихсан инженерүүдтэй. Сүүлийн 10 орчим жил шинэ техник технологи нэвтрүүллээ. Хийж чадахгүй байгаа зүйл байгүй. Гэвч компаниуд маань санхүү, хүн хүчний хувьд хөгжиж, бэхжиж чадахгүй байна. Үүнд нэг л асуудал байгаа. Тодруулбал, бидний зураг төсөл дээр хийсэн төсөв салбарын маань эрх ашиг, онцлогт тохирохгүй байна. Эрчим хүчний салбар өнөөдрийг хүрэл барилгын салбарын төсвийн аргачлалаар явж ирлээ. Төсвийн аргачлалаа өөрчлөхгүй бол эрчим хүчний салбар хэзээ ч ашигтай ажиллахгүй.

Түүнчлэн төр хувийн хэвшлийн хийх ажлыг булааж хийгээд байхаар энэ салбар хөгжиж чадахгүй байна. Ийм жишиг маш их байна. Бид эрх зүйн орчноо зөв тодорхойлох ёстой. Төр юу хийх ёстой, хувийн хэвшил юу хийх ёстой вэ гэдэг зааг ялгаагаа маш сайн гаргах хэрэгтэй гэв.

Шууд видеог хүлээн авна уу. Хэрэв "үзэх боломжгүй" гэж гарч байвал видеон дээр дахин товшино уу.

“Өргөө цэцэрлэг“ ашиглалтад орлоо
“Өргөө цэцэрлэг“ ашиглалтад орлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.