/2022.09.22/: “Өсвөрийн Парламент 2022” хөтөлбөрийг УИХ-ын Тамгын Газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 28 хүртэл бүртгэл үргэлжлэх юм.
Хөтөлбөрт 9-11 дүгээр ангийн сурагчид оролцоно. Шалгаруулалт Монгол орон даяар нээлттэй явагдана. 21 аймаг, УБ хотын 9 дүүргээс 90 сурагч өсвөрийн парламентын 10 сургагч багш сонгон шалгаруулна.
Хөтөлбөрт оролцсоноор парламентын боловсролын цогц сургалт, эрчим хүчний хэрэглээ, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийн тухай мэдлэг, мэдээлэл олж авах болон нөлөөллийн ажил хэрхэн зохион байгуулах ур чадвар, дадлага туршлага эзэмшинэ.
Хөтөлбөрт хамрагдсанаар НҮБ-ын өсвөр үеийнхэн, залуучуудад зориулсан үйл ажиллагаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох, хүүхэд, залуучуудад чиглэсэн дотоодын болон олон улсын үйл ажиллагаанд оролцох, дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлаар өсвөр үеийнхний дуу хоолойг хүргэх, хүүхэд, залуучуудын утга учиртай оролцоог хангахад хувь нэмрээ оруулах боломж бүрдэх юм.