/2022.09.22/: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ ОХУ-ын Бүгд Найрамдах Саха /Якут/ улсын засгийн газрын төлөөлөгчидтэй өвлийн аялал жуулчлал, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагаа, хил орчмын аялал жуулчлал тэр дундаа байгаль, цаг уурын онцлогийг түшиглэсэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр ярилцаж, санал солилцлоо. Тус улсад 12 дугаар сард "Өвөл Якутаас эхэлнэ" фестиваль жил бүр уламжлал болгон зохиодог. Энэхүү өвлийн улирлын арга хэмжээгээр дамжуулан Якутын ард түмний соёл, уламжлалыг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, дотоодын гар урчууд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор зохион байгуулдаг байна. “Өвөл Якутаас эхэлнэ” тус фестивалийн хувьд энэ жил 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Харин манай улсын хувьд, жил бүрийн гуравдугаар сард “Хөх сувд” мөсний баяр болдог. Энэхүү өвлийн улиралд зохион байгуулагддаг арга хэмжээгээр дамжуулан хоёр орны хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, харилцан сурталчлах нь бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлж, шинэ шатанд гаргах боломж гэдгийг талууд уулзалтын үеэр онцолж байлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2023,2024 оныг зочлох жил болгон зарласан. Үүнтэй уялдуулан өвлийн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр шинэ бүтээгдэхүүн,үйлчилгээ, аяллын маршрут бий болгон хөгжүүлэх нь зуны аялал жуулчлалын чанарыг бэхжүүлэх, өндөр түвшинд хүргэх бодлогын дамжин өнгөрөх гүүр болох юм. Хоёр орны байгаль, цаг уурын онцлогийг түшиглэсэн өвлийн аяллыг хөгжүүлснээр Монголын жуулчны улирлыг уртасгах, хүний нөөцийг барьж тогтоох, оролцогч ба хөгжүүлэгч талуудын ур чадварыг дээшлүүлэх, орон нутаг, иргэдийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх улмаар олон улсын жуулчдын урсгалыг өвлийн улиралд Монголд татах, байршуулах, зочлох үйлчилгээг тасралтгүй хөгжүүлэх хэлбэрээр аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Тиймээс цаашид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг бүс нутгийн хэмжээнд идэвхжүүлэх, хил орчмын хотуудад харилцан сурталчилгаа хийх, нислэгтэй болгох чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа талууд илэрхийлж байлаа. Уулзалтад, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн П.Баярцэцэг, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Батцэцэг нар оролцлоо.