/2022.09.06/: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Монголын Ахмадын Холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатарыг хүлээн авч уулзлаа
1931 онд байгуулагдаж, өдгөө 90, 91 жилийн ойтойгоо золгож байгаа Ахмадын холбоо 5 жилд нэг удаа Үндэсний хэмжээний чуулган зохион байгуулдаг уламжлалтай. Энэ чуулганыг хамтран зохион байгуулах хүсэлтээ сайдад уламжилсан юм. Мөн 37 орныг эгнээндээ нэгтгэсэн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн гишүүн орны хувьд бүсийн хэмжээнд 2021-2030 онд хэрэгжих Урт наслалтын хөтөлбөр гарсныг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг салбарын сайдаас хүслээ.
Монголын Ахмадын Холбоо ШУА-ийн Социологийн Хүрээлэнтэй хамтран ахмад настны асуудал, цаашид авах арга хэмжээний талаар судалгаа хийсэн. Судалгааны үр дүнг удахгүй танилцуулна гээд ахмад настны тэтгэврийн зөрүүний асуудлаар санал солилцсон юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл, “НҮБ 2002 онд Мадридын Насжилтын асуудлаарх олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг яамнаас НҮБ-д хүргүүлээд байна. ДЭМБ-ын Эрүүл урт наслалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбарын сайдын хувьд уялдаа холбоог ханган Эрүүл мэндийн салбартай хамтарч ажиллана. Бидний хайрлаж, хүндэлж, хамгаалах ёстой ахмадууд санал бодлоо илэрхийлж, туршлага мэдлэгээсээ хойч үедээ хуваалцан сэтгэлээ уудлах цаг болсон. Тиймээс үндэсний чуулган зохион байгуулах хүсэлтийг хүлээн авч байна” гээд Монголын Ахмадын Холбооны үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Эх сурвалж: ХНХЯ