/2022.09.06/: Монгол улсад хүүхдийн тоглоомын талбайн MNS 6751 2019 стандартыг 2019 онд Стандарт, хэмжил зүйн газраас баталсан. Уг стандарт 6-12 настай хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахад зориулагдсан байдаг.
Хүүхдийн тоглоомын талбайг хүүхдийн бие бялдар болон насаар нь:
- балчир
- бага
- сургуулийн насны гэж гурав ангилдаг байна.
Тоглоомын талбай нь нэгдсэн хог хаях цэгээс 100 метрээс багагүй зайтай байна. Гэхдээ тоглоомын талбайд ахуйн хог ангилан хаях цэгийг хүрэлцэхүйц хэмжээгээр байрлуулна гэж заасан байдаг. Гэвч ихэнх газар энэ шаардлага хангагддаггүй.
Он хуучинтай, олон жилийн өмнөх орон сууцнууд хогийн пункер байдаггүйгээс байрныхаа голд нэг томхон хогийн цэгтэй болчихсон байдаг. Тэндээ хог нь ил задгай тарчихсан, зуны улиралд эвгүй үнэр гарах, хорхой шавьж цуглах нь элбэг. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны 19, 20, 25-р байрнуудын дунд байрлах зөөврийн хогийн саванд айлууд нь хогоо хийдэг. Түүний яг хажууханд нь хүүхдийн тоглоомын талбай, сагсны шийд байрладаг. Мөн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах 18, 20 дугаар байрнуудын хогоо хаядаг цэг нь жижиг контейнер. Түүнээс хэдхэн метр зайд хүүхдийн тоглоомын талбай, сагсны шийд байрладаг. Үүндээ адил газрууд Улаанбаатарт маш олон байгаа. Энэ нь тус стандартын дээрх шаардлагыг хангаж чадахгүй байна.
Тоглоомын талбайн мэдээлэх тэмдгийн "хориглох" хэсгийн бичиглэлд мансуурсан, согтууруулах ундаа хэрэглэх, утаат тамхи татах зэрэг хүүхдэд сөрөг ухагдахуун үзүүлэх зүйлсийг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл бодит байдал дээр өөрөөр байна. Хүүхдийн тоглоомын талбай дээр тамхи татдаг, оройн цагаар архидан согтуурах үзэгдэл цөөнгүй болдог.
Манай улсад хүүхдийн тоглоомын талбайн стандарт байдаг ч бодит байдал дээр эсрэгээрээ байна.