/2022.08.15/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн удирдлагууд болоод холбогдох албаны хүмүүсийн хамт өчигдөр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцаж, төсөл хэрэгжүүлж буй талбарт ажилласан юм.
Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц гаргалгааны талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дараах шинэлэг бодлогыг онцлон мэдээлснийг эш татан хүргэж байна. Тэрбээр хэлэхдээ:
-Монгол Улсын Засгаас газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого” өдрөөс өдөрт эрчимжиж байна. Энэхүү бодлогыг үндсэндээ шийдэж чадаагүй асуудлуудаа зоригтой шийдэх хөтөлбөр гэж ойлгож болно. Энэхүү бодлогын нэгээхэн хэсэг нь “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого” бөгөөд энэ хүрээнд хийх ажил их байна.
Жил бүр Улаанбаатар хотын хүн ам 60-70 орчим мянган иргэнээр нэмэгдэж байгаагийн тал хувь нь хөдөөнөөс Улаанбаатар хотод шилжин суурьшиж буй иргэд байна. Тиймээс Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу очиж ажиллаж буй боловсон хүчнийг дэмжихээр тусгасан нь 2023 оны төсвийн онцлог юм. Нийслэлээс шилжиж, хөдөөд ажиллаж буй иргэдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж байгаа шинэ үеийн илгээлтийн эзэд гэж үзэж ипотекийн зээлийн багц дэмжлэгийг өгнө. Улаанбаатараас хөдөө рүү шилжиж байгаа төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ. Мөн очиход нь нэг удаагийн тэтгэлэг олгоно. Харин нийслэл Улаанбаатар хотод ирж буй хүмүүс татвар төлдөг болно. Ингэж л зохицуулалтыг зоригтой хийхгүй бол цаг хугацаа явах тусам Улаанбаатар хотын асуудал улам хүнд болно. Хүн ам, машин тэрэг өснө, ажлын байрууд нэмэгдэнэ, алс хязгаар нутаг эзгүйднэ. Ингэсээр байгаад газар нутгийнхаа гуравны нэг дээр нийт хүн ам төвлөрч, хот улс болох аюул ойрхон байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал юм.
Түүнчлэн Улаанбаатар хотын амьдралын чанар, нэгдсэн стандартын тухай хууль баталж гаргана. Үүнд НИТХ-ын төлөөлөгчид, хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд, хотынхоо иргэдийг татан оролцуулж, Улаанбаатар хотын нэгдсэн стандарт ямар байх вэ гэдгийг боловсруулах хэрэгтэй. Улаанбаатар хотод албан ёсны хаяг бүртгэлгүй иргэд, бүртгэлгүй автомашинууд маш олон байна. Орон сууцны хорооллууд барихдаа ямар компани сургууль цэцэрлэгийг орхигдуулж байна вэ. Энэ бүгдийг хуульчлах болно. Хуулийн хэлэлцүүлгийг Улаанбаатар даяар өрнүүлэх хэрэгтэй. Зарим хүндхэн шийдвэрийг гаргахдаа шууд ардчиллын арга хэрэглэн нийслэлчүүд санал өгч шийдэж болно. Тухайлбал, буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хязгаарлах гэх мэт асуудлуудыг нийтийн санал асуулгаар шийдэх боломжтой хэмээн өгүүлсэн юм.
Эх сурвалж: НЗДТГ