Бүхий л салбарт цахим шилжилтийг хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүхий л салбарт цахим шилжилтийг хийж байна

/2023.05.02/: Иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуй нэгж байгууллагад түргэн шуурхай хүргэх зорилгоор нийслэлийн бүх салбарт технологийн шийдэл нэвтрүүлж, цахим засаглалыг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд 2020-2024 онд хэрэгжүүлэх цахим шилжилтийн төлөвлөгөөг Цахим засаглал, Зам, тээврийн нэгдсэн ухаалаг систем, Аюулгүй хот гэсэн чиглэлээр боловсруулж, мэдээллийн технологийн тэргүүлэх 70 гаруй компани, монгол инженерүүдтэй хамтран хэрэгжүүлж буй.

Тухайлбал, бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хүргэх зорилгоор 74 төрлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд суртлыг бууруулах “Онлайн бизнес төв”-ийг байгууллаа. Ийнхүү өдгөө 134 төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цахимаар олгодог болсон юм.

Мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс төрийн 53 байгууллагын 632 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бөгөөд үүнээс 39 байгууллагын 432 нэр төрлийн төрийн үйлчилгээг www.operator.e-mongolia.mn цахим системээр болон оператор хэлбэрээр үзүүлж байна.

Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний smartcar.mn системээр 15 үйлчилгээний мэдээлэл болон татвар, торгууль, товчоодын төлбөрийг нэхэмжлэлийн дагуу “Qpay wallet” үйлчилгээнд холбосон банкны картаа ашиглан төлөх боломжийг бүрдүүлсэн.

Улаанбаатар хотын авто замын газрын зургийн суурь системийг бий болгож, замын ачааллыг хянах, маршрутыг төлөвлөх, тооцоолох боломжийг бий болгох https://ubmap.ulaanbaatar.mn/ системийг нэвтрүүллээ. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн регистрийн дугаараар бүртгэлтэй гар утасны дугаарт торгуулийн мэдээлэл болон шийтгэлийн хуудас харах холбоосыг мессежээр илгээх ажлыг эхлүүлсэн. Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын ухаалаг системийг нэвтрүүлж, нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжууллаа.

Хот төлөвлөлт, барилга байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэх, хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор вэб, аппликейшн хосолсон “eBARILGA” цахим систем ашиглалтад орлоо.

Эх сурвалж: НЗДТГ

Гарааны 46 компанийг дэмжсэнээр 400 ажлын байр бий болгожээ
Гарааны 46 компанийг дэмжсэнээр 400 ажлын байр бий болгожээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.