The Diplomat | Монголын улс төрд хариуцлагын тогтолцоо алдагдсан уу?
 

The Diplomat | Монголын улс төрд хариуцлагын тогтолцоо алдагдсан уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдөхөөр болсон гол шалтгаан нь нэр холбогдсон авлигын хэрэгтэй холбоотой бөгөөд энгийн иргэний хувиар шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ хэмээсэн. Тэгвэл түүний энэхүү үйлдлийг олон улсын хэвлэлүүд ийн онцолжээ.

Тухайлбал, The Diplomat сайтад түүний энэхүү үйлдэл Монголын төрд хариуцлагын тогтолцоо алдагдсаны нэг илрэл хэмээн шүүмжилжээ.

Уг нийтлэлд У.Хүрэлсүхийн огцролт нь зөвхөн нэг албан тушаалтны асуудал бус, Монголын улс төр дэх эрх мэдлийн тэмцэл, авлига, хариуцлагын тогтолцооны сул талыг дахин хөндөв.

Монголын улс төрд давтагддаг нэгэн хэв маягийг онцолсон нийтлэлч Сумъяа Чулуунбаатар улс төрийн дуулиан гарахад өндөр албан тушаалтан огцорч, эрх баригч намын дотоод хүчний харьцаа өөрчлөгддөг ч асуудлын үндэс болсон хариуцлага, хяналтын тогтолцоо хэвээр үлддэг талаар ийн дурджээ.

Огцролтын цаана улс төрийн тохиролцоо бий юу?

УИХ-ын чуулганд оролцсон 104 гишүүний 96 нь У.Хүрэлсүхийн огцрох асуудлыг дэмжсэн. Үүнийг эрх баригч нам улс төрийн хямралыг богино хугацаанд зохицуулахыг эрмэлзсэн үйл явц гэж тайлбарлажээ.

Мөн МАН болон У.Хүрэлсүхийн хооронд улс төрийн ойлголцол үүссэн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна.

Гол асуудал нь нэг хүнийг албан тушаалаас нь чөлөөлснөөр улс төрийн хариуцлага бүрэн хэрэгжсэнд тооцож болох эсэх. Хэрэв дуулианы дараа зөвхөн албан тушаалтнууд солигдож, харин шийдвэр гаргах, хяналт тавих тогтолцоо өөрчлөгдөхгүй бол ижил асуудал дахин давтагдах эрсдэлтэй гэж уг нийтлэлд анхааруулжээ.

The Diplomat-ын хөндсөн өөр нэг асуудал бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын эрх мэдэл, хариуцлагын зааг юм.

Монгол Улс парламентын засаглалтай ч Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог. Ийм нөхцөлд төрийн томоохон шийдвэр, стратегийн төслүүдтэй холбоотой алдаа гарсан тохиолдолд хариуцлагыг хэн хүлээх нь заримдаа тодорхой бус үлдэх эрсдэлтэй гэжээ.

Тиймээс асуудлыг зөвхөн улс төрч солих замаар шийдэх бус, төрийн байгууллагуудын хяналт, ил тод байдал, хараат бус байдлыг бэхжүүлэх шаардлагатайг онцолсон байна.

У.Хүрэлсүхийн огцролтын дараа Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль, эрх баригч намын дотоод хүчний харьцаа, авлигын хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа зэрэг асуудал улс төрийн анхаарлын төвд хэвээр байна.

The Diplomat-ын нийтлэлийн гол санаа нь Монголын улс төрийн тогтворгүй байдал нэг хүний огцролтоор шийдэгдэхгүй байж болзошгүй гэсэн анхааруулга юм. Хэрэв улс төрийн дуулиан бүрийн дараа зөвхөн албан тушаалтан солигдож, хяналт, ил тод байдал, хариуцлагын механизм сайжрахгүй бол ижил асуудал давтагдсаар байх эрсдэлтэй.

Өөрөөр хэлбэл, Монголын ардчиллын дараагийн сорилт нь хэнийг Ерөнхийлөгчөөр сонгох вэ гэдгээс илүүтэйгээр хэн төрийн эрх мэдлийг хэрэгжүүлсэн ч хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээдэг тогтолцоог бий болгож чадах эсэхэд оршиж байна.

Жилд хоёр удаа болдог CS2-ын дэлхийн аваргын хоёр дахь тэмцээн Сингапурт эхэллээ
Жилд хоёр удаа болдог CS2-ын дэлхийн аваргын хоёр дахь тэмцээн Сингапурт эхэллээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.