Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны системийг нээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны системийг нээлээ

May be an image of 1 person, standing and indoor

/2022.06.27/: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх судалгааны байгууллагаас төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг 2013 оноос хойш санамсаргүй түүврийн аргаар гүйцэтгэж ирсэн.

Уламжлалт хэлбэрээр хийдэг судалгааг сайжруулж, төр өөрт байгаа мэдээлэлд тулгуурлан “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны систем”-ийг Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

May be an image of 1 person, standing, indoor and text that says '器'

Энэхүү цахим системийн зорилго нь их, дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээл дэх өөрчлөлт, хөдөлгөөн, мэргэжил, ур чадварын нийцэл, ажлын байранд тулгарч буй бэрхшээл, ажилгүй байгаа шалтгаан, боловсрол болон хөдөлмөрийн зах зээл хоорондын хамаарал, зүй тогтлыг тодорхойлж, улмаар бодит тоон өгөгдөл дээр тулгуурласан дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

“Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны систем”-д өнөөдрийн байдлаар 2020 болон 2021 онд их, дээд сургууль төгссөн 58,343 төгсөгчийн мэдээлэл орсон бөгөөд үүнээс 11,693 төгсөгч буюу 20.0 хувь нь хөдөлмөр эрхлэхээр бүртгүүлсэн бол 39,932 төгсөгч буюу 68.4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Харин мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 2021 онд төгссөн 17,640 төгсөгчдөөс 1,699 төгсөгч буюу 9.6 хувь нь хөдөлмөр эрхлэхээр бүртгүүлсэн бол 3,535 төгсөгч буюу 20.0 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.

No photo description available.

Системийн давуу талууд:

  1. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд үндсэн систем буюу Хур системд холбогдон төрийн бусад байгууллагуудын мэдээллийн санд суурилан төгсөгчийн хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлыг судлах боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар нийгмийн халамж болон нийгмийн даатгалын мэдээллийн сан, ажил хайгч иргэдийн мэдээллийн сан, их дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн мэдээллийн сантай холбогдоод байна.
  2. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлыг бодит өгөгдөл /real time data/-д тулгуурлан сар бүр гаргах боломжтой.
  3. Мэдээллийг сар бүр тогтсон хугацаанд шинэчлэх боломжтой.
  4. Нэмэлт судалгааг цахим хэлбэрээр зохион байгуулах боломж бүхий модультай.

Цаашид энэхүү системийн үйл ажиллагааг сайжруулж, тогтвортой байдлыг хангахын тулд төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан, оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг тодорхойлсон, мэдээллийн сангуудын уялдаа холбоо, интеграцчиллийг бэхжүүлэх, салбар дундын зохицуулалт бүхий арга хэмжээг Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Эх сурвалж: ХНХЯ

Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн ирэх сарын 7-9-ны өдөр бүртгэнэ
Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн ирэх сарын 7-9-ны өдөр бүртгэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.