/2022.06.10/: Газрын тосны хамгийн том хэрэглэгч АНУ-ын эрэлт хэрэгцээ ихсэж байгаа болон БНХАУ-д цар тахлын хөл хорио суларч эрэлт өсөх төлөвтэй байгаа зэргээс үүдэн газрын тосны үнэ пүрэв гарагт сүүлийн 3 сарын дээд цэгтээ хүрч өслөө.
Гуравдугаар сараас хойш 100 ам.доллар давж эхэлсэн тус бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор 2022 оны 4, 5 дугаар сард ОХУ-аас манай улсад нийлүүлэх АИ-92 автобензиний үнэ тонн тутамдаа 1110 ам.доллар, дизелийн түлш тонн тутамдаа 1077 ам.доллар болж, өмнөх сарын импортын хилийн үнээс тус бүр 170 ам.доллараар нэмэгдсэн. Харин зургаадугаар сарын хил үнэ тус бүр дахин 50 орчим ам.доллараар нэмэгдээд байна.
Хил үнийн нэмэгдлийн нөлөөгөөр АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ 4-6 дугаар сард литр тутамд дунджаар 1000-1200 төгрөгөөр нэмэгдэх, Дизель түлшний жижиглэнгийн үнэ 600 орчим төгрөгөөр нэмэгдэх нөхцөл үүссэн байсан.
Монгол улсын Засгийн газраас үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, АИ-92 автобензиний гаалийн албан татварыг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 01-ний өдөр хүртэл, Дизель түлшний Онцгой албан татварыг он дуустал тэглэсэн. Мөн УУХҮЯ “Роснефть” компанитай хэлцэл хийж, АИ-92 автобензинийг тонн тутамд 25 орчим хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг бүрдүүлсэн.
Ингэснээр АИ-92 автобензиний жижиглэн борлуулалтын үнэ литр тутамд 1200 гаруй төгрөгөөр нэмэгдэх эрсдэлээс сэргийлж, 1 литр АИ-92 автобензин гуравдугаар сарын ханш болох 2390 төгрөгөөр зах зээлд борлуулагдаж байна.