/2022.5.6/ Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ талаар тус байгууллагын хараат бус зөвлөх Д.Мөнхчимэгтэй ярилцлаа.
-Редакц чадавхжуулах хөтөлбөрийг яагаад хэрэгжүүлэхээр болов?
-Энэ өдрүүдэд бид хэвлэлийн эрх чөлөөний талаар ярьж байна. Нэг талаас бидэнд хагас хугас ч гэсэн эрх чөлөө байхад нөгөө талаас мэдээж үүрэг хариуцлага байж таарна. Нобелийн шагналт эдийн засагч Амартя Сен “Ардчилал, чөлөөт хэвлэл байгаа газар өлсгөлөнд нэрвэгддэггүй” гэж хэлж байсан. Чөлөөт хэвлэл нь ардчилал, хөгжлийн манаачийн үүрэг гүйцэтгэдэг. Эрх мэдэлтнүүд амласандаа хүрч байгаа эсэхийг хянаж, хөгжилд хүргэх олон янзын үзэл санааг уралдуулдаг гэсэн үг.
Гэтэл бид олон ургалч үзлийг бүрдүүлж чадаж байгаа юу? Хүн амаа бүрэн төлөөлөх олон янзын эх сурвалжийн яриаг үзэгч, уншигч, сонсогчдодоо хүргэж чадаж байна уу? гэдэг асуулт гарч ирнэ.
Өнгөрсөн жил Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс /ХМЗ/ өдөр тутмын хоёр сонин, хоёр мэдээний сайтын бүтэн хоёр сарын улс төрийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд улс төрийн мэдээллийн 10 эх сурвалж тутмын 1 нь л эмэгтэй, 9 нь эрэгтэй байсан. Мөн 20-30 улс төрч л улс төрийн мэдээллийн тавиас дээш хувьд нь эх сурвалж болж байгаа юм. Үүнийг л бид өөрчлөх гээд байна. Хэвлэл мэдээллээр эмэгтэйчүүдийн бага гардаг улс төр, эдийн засаг, санхүү, технологи, уул уурхай зэрэг салбарт илүү олон эмэгтэйг гаргадаг болгоё. Эсрэгээрээ гэр бүл, жендэрийн сэдвээр илүү олон эрэгтэйг гаргая. Ингэснээр сэтгүүл зүйн бүтээлүүд жендэрийн мэдрэмжтэй болно, хүмүүс ч илүү сонирхож, уншиж, үздэг болно. Үүний тулд редакц чадавхжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зориод байна.
-Энэ хөтөлбөр үнэхээр хүмүүсийн сонирхлыг татах уу?
-Хүмүүсийн сонирхлыг ч татна, итгэлийг ч олж авна. “Edelman” судалгааны байгууллагаас гаргадаг Итгэлийн барометрын үр дүн нь дэлхий даяар олон нийтийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэл туйлдаа хүртэл унасныг харуулдаг.
Тиймээс уншигч, үзэгч, сонсогчдынхоо итгэлийг олж авах нь сэтгүүл зүйн тулгамдсан асуудал болоод байна. Өсөн нэмэгдэж буй худал, ташаа мэдээлэл, хараат бус хэвлэл мэдээллийн хумигдаж буй орон зай үүний нэг шалтгаан. Мөн олон янз байдал, төлөөллийг багтааж чадахгүй байгаа нь чухал шалтгаан гэж судлаачид үзэж байна.
Ер нь Монгол төдийгүй дэлхий даяар сэтгүүл зүйн байгууллагууд эмэгтэйчүүд болон цөөнхийн дуу хоолойг гаргах тал дээр учир дутагдалтай ажилладаг. Энэ нь нийгмийн маш олон бүлгүүд өөрсдийн төлөөлөл болох хүмүүсийг хэвлэл мэдээллээс олж харахгүй, улмаар сэтгүүл зүйд итгэхгүй, оролцохгүй байхад хүргэж байгаа юм. Тиймээс ч “Edelman”-ы ерөнхийлөгч Эд Уиллиамс “Төлөөллийг оруулж чадахгүй бол итгэлийг олж чадахгүй” гэж хэлсэн байдаг. Би энэ эшлэлд их дуртай.
BBC, “Bloomberg”, “Financial Times”, “The New York Times” зэрэг олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлж, ялангуяа эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах тал дээр идэвх санаачилгатай ажиллаж, шинэ арга барил, аргачлал нэвтрүүлж эхэлсэн. Тэрийгээ бусадтай харамгүй хуваалцаж байна. Үүний нэг жишээ нь Хэвлэл мэдээллийн зөвлөл BBC-гийн 50:50 төслийн албан ёсны түнш болсон.
Ер нь жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй нь хэвлэл мэдээллийн салбарын шинэ чиг хандлага болж, сэтгүүлчид, редакцууд үүгээрээ өрсөлддөг цаг ирээд байна. Энэ нь чанартай, ёс зүйтэй сэтгүүл зүйг хөгжүүлж, уншигч, үзэгч, сонсогчдынхоо итгэлийг хүлээхэд нэн чухал болохыг олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд хэдийнэ ойлгоод байна.
Сэтгүүл зүйн бүтээлийг жендэрийн тэгш байдлыг хангаж хийснээр хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгааг “Media Impact Project” төслийн судалгаа харуулсан байдаг. Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн бүтээл хийхэд тэргүүн ач холбогдол өгч эхэлсэн BBC, “South China Morning Post”, “Financial Times”, “Bloomberg”, Норвегийн “Amedia” зэрэг байгууллага үзэгч, уншигчдынхаа дунд судалгаа хийж үзэхэд эмэгтэйчүүдийн дуу хоолой, байр суурийг сэтгүүл зүйн бүтээлдээ их оруулснаар хэрэглэгчдийн тоо нь өсөж, бизнест нь сайнаар нөлөөлж байгааг баталсан байдаг.
-Редакц чадавхжуулах хөтөлбөрт хамрагдсанаар эдгээр олон улсын сайн туршлагаас суралцах боломжтой юу?
-Яг тийм. Бид энэ бүх сайн туршлагыг судлаад, Монголын редакцуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн нийт 12 цагийн сургалтын хөтөлбөр гаргасан байгаа. Тэрийг редакц өөрийнхөө үйл ажиллагаанд тохируулаад авах боломжтой. Тухайн редакц сонирхвол BBC-гийн 50:50 төслийн түнш болоод, тэдний аргачлалыг нэвтрүүлэх боломж ч нээлттэй байгаа. Бид холбож өгч болно.
Энэ нь зөвхөн жендэрийн мэдрэмжийн талаар асуудал биш юм. Манай сургалтыг авснаар баг, хамт олны мэргэжлийн, ёс зүйн ур чадвар дээшилнэ. Бид редакцын удирдлагад бодлогын болон менежментийн зөвлөгөө өгч, хэвлэл мэдээллийн салбарт ялгарч, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
-Энэ хөтөлбөрт ямар редакц хамрагдах боломжтой вэ?
-Энэ оны тавдугаар сард хэрэгжүүлэх хөтөлбөрийн эхний үе шатанд Улаанбаатар хотын редакцуудаас хүсэлт хүлээн авч, нийт дөрвөн редакцыг сонгон шалгаруулж хамруулна. Хоёр дахь үе шатанд (2022 оны найм, есдүгээр сард) хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд Улаанбаатар хотын болон орон нутгийн хэвлэл мэдээллийн нийт зургаан байгууллага оролцох боломжтой. Хөтөлбөрт хамрагдах редакцуудын хүсэлтүүдийг тавдугаар сарын 9-нийн 18 цагаас өмнө хүлээн авч, эхний ээлжинд дөрвөн редакцаа сонгож авах юм. “Мэдрэмжтэй мэдээлье” аргачлалыг редакцын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, тогтвортой ашиглах хүсэл, эрмэлзэлтэй байх, мөн нийт 12 цагийн сургалтад сэтгүүлч редактораас гадна сурвалжлагч, анкор, зураглаач, найруулагч, фото зурагчин, эвлүүлэгч зэрэг сэтгүүл зүйн бүтээлч ажилд оролцдог бүх хүнийг бүрэн хамруулах боломжтой байх гэсэн шалгуур үзүүлэлтийг бид тавьж байгаа.
Редакц чадавхжуулах хөтөлбөрт сонгогдсон дөрвөн редакцын идэвх, санаачилга дээр үндэслэн хоёрыг нь “Мэдрэмжтэй мэдээлье” менторшип хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байна.
-Менторшип хөтөлбөрийнхөө талаар ярьж өгөөч?
-Манай сургалтад хамрагдсан сэтгүүлчид маш их юм сураад, ойлгоод, эргээд хэрэгжүүлье гэхээр ажлын ачаалал зэргээс болоод олон бэрхшээлтэй тулгардаг. Үүнийг шийдэх үүднээс бид менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Гол санаагаа олон улсын “Бодит байдлыг тусга” санаачилгаас авсан. Энэ хүрээнд “Internews” болон “United for News” нэгдлээс 2019 онд ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Үүнд “Globe and Mail”, “Toronto Star”, “Earth Journalism Network” хамрагдаж, амжилтад хүрсэн туршлага бий. Бид тэдний амжилтаас суралцаж, “Internews”-тэй холбоотой ажиллаж байна. Тэд манай сургалтад хэрэгтэй нөөц хэрэглэгдэхүүнийг хангаж өгсөн.
Менторшип хөтөлбөрийг сонгогдсон редакц дээрээ хоёр сарын турш хэрэгжүүлнэ. Бид редакцын чэмпионуудыг бэлтгэж, тодорхой хэмжээний урамшуулал ч өгөхөөр байгаа юм. Хамгийн гол нь энэ хугацаанд эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах олон улсын аргачлалыг нэвтрүүлж, жендэрийн хэвшмэл ойлголтыг халсан шилдэг бүтээлүүдийг гаргахад нь шаардлагатай бүх туслалцааг бидний зүгээс үзүүлээд явах юм.
-Сургалт болон менторшип хөтөлбөр төлбөртэй юу?
-Үнэ төлбөргүй. Хөтөлбөрийг бид “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн санхүүжүүлэгч БНСУ-ын КОЙКА Олон Улсын байгууллага болон хэрэгжүүлэгч НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа. Редакцаас ямар ч зардал гарахгүй.
ЖИЧ: “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага/төлөөлөл 2022 оны тавдугаар сарын 9-ний Даваа гарагийн 18:00 цагаас өмнө дараах формыг бөглөж, илгээнэ. Та ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.