/2022.05.05/: Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын хэсгийн дарга Б.Алтанзул, холбогдох албаныхан Туул голын бохирдол бүхий хэсгийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, зарим шийдвэрийг гаргахаар ажиллаж байна.
Нэг талаас төв цэвэрлэх байгууламжийн технологийн хоцрогдол, нөгөө талаас үйлдвэр ААНБ-ууд төв цэвэрлэх байгууламжид усаа нийлүүлэхдээ, ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны стандартыг хангаж ажиллахгүй байгаа гэдгийг албаныхан онцолж байна.
Өөрөөр хэлбэл төв цэвэрлэх байгууламжид MNS 6561:2015 стандартаар хаягдал ус нийлүүлэгдэж, хүрээлэн буй орчинд нийлүүлэгдэх хаягдал ус MNS 4943 стандартад нийцүүлж, нийлүүлэх ёстой.
Гэвч ААНБ-ын технологийн хаягдал ус нь хэт өндөр бохирдолтой ирж байгаа нь, хаягдал усыг бүрэн цэвэрлэж чадахгүй байх, улмаар Туул голыг бохирдуулах шалтгаан нөхцөл болж байгаа юм
Томоохон бохирдуулагчид авто угаалгын газрууд, арьс, шир боловсруулах, ноос, ноолуурын үйлдвэрүүд, бусад химийн найрлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хими цэвэрлэгээнүүдийн бохирдол хамаарч байгаа юм.
Иймээс Ус сувгийн удирдах газарт төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэгдэж байгаа стандартын шаардлага хангаагүй, технологийн хаягдал усыг хүлээж авахгүй байхыг БОАЖЯ, ОББҮХ-ноос үүрэг болголоо.
Өөрөөр хэлбэл дээрх чиглэлийн ААНБ-ууд, үйлдвэрүүд технологийн хаягдал усаа өөрсдөө цэвэрлэж, стандартад нийцүүлсний дараа төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх юм.
Мөн Туул гол дагуу нийт 5 цэгээс усны дээж авч, лабораторийн шинжилгээнд өглөө. Шинжилгээний дүнг үндэслэн авах арга хэмжээг шуурхай зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: БОАЖЯ