/2022.05.04/: Европын холбоо Украины дайны улмаас ОХУ-аас нефть импортлохыг хориглож, тус улсын хамгийн том банкийг SWIFT олон улсын төлбөрийн сүлжээнээс хасахыг санал болголоо.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен өнөөдөр Европын парламентад үг хэлэхдээ шинэ багц арга хэмжээний талаар танилцуулав.
"Бид Оросын нефтийг хориглох саналыг гаргаж байна" гэж тэр хэлэв. "Энэ нь амаргүй байх болно гэдгийг тодорхой хэлье. Гэхдээ бид үүн дээр ажиллах хэрэгтэй. Бид Орост үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэхийн тулд Оросын нефтээс хараат байхаас татгалзаж, өөрийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг багасгах болно."
Энэхүү шийдвэрийг гаргахын тулд ЕХ-ны бүх гишүүн орнуудаас зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд энэхүү мэдээнээс шалтгаалж түүхий нефтийн үнэ өсчээ. Дэлхийн жишиг Brent маркийн фьючерс баррель нь 2.4%-иар өсч 107 доллар болсон бол АНУ-ын нефтийн үнэ 2.7%-иар өсч баррель нь 105 доллар болжээ.
Орос Украинд түрэмгийлснээр нийлүүлэлтэд цохилт өгч, инфляцийг хөөрөгдөж, Европын эдийн засагт дарамт шахалт үзүүлнэ гэсэн болгоомжлолын улмаас нефтийн үнэ аль хэдийн 40 орчим хувиар өсөөд байна.
ЕХ-ны орнууд Оросын нүүрсний импортыг үе шаттайгаар зогсоохоор аль хэдийн тохиролцсон ч олон долоо хоног үргэлжилж байгааг үл харгалзан тус холбооныхон нефтийн хоригийн талаар зөвшилцөлд хүрэхэд илүү хэцүү байх нь ойлгомжтой юм.
Орос бол дэлхийн хоёр дахь том түүхий нефтийн экспортлогч бөгөөд өнгөрсөн онд ЕХ-ны нефтийн импортын 27 орчим хувийг бүрдүүлсэн. АНУ, Канад, Их Британи, Австрали улсууд Оросын нефтийн импортыг аль хэдийн хориглосон байгаа билээ.
Эх сурвалж: CNN