/2022.03.02/ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мягмар гарагт Европын парламентын яаралтай хуралдаанд видео холбоосоор холбогдон Украины Оростой хийж буй дайнд "бидэнтэй хамт байгаагаа нотлохыг" Европын холбооноос хүсэв.
Европын холбооны хууль тогтоогчидын нэг хэсэг нь Украины далбаатай футболк өмссөн бол бусад нь цэнхэр шар өнгийн ороолт болон тууз зүүн Зеленськид алга ташиж байв.
Зеленський нулимс дуслуулан ярьсаныг орчуулагч англи хэл рүү хөрвүүлсэн ба "Бид Европын эрх тэгш гишүүн байхын төлөө тэмцэж байна" гэж хэлжээ.
"Та бүхэн бидэнтэй хамт байгаагаа, биднийг орхихгүй гэдгээ нотлооч. Та нар үнэхээр Европчууд гэдгээ нотлооч, тэгвэл амьдрал үхлийг, гэрэл харанхуйг ялна" гээд "ЕХ бидэнтэй хамт илүү хүчтэй байх болно" хэмээн хэлжээ.
Зеленський түрэмгийллийн эсрэг ард түмэнтэйгээ жагсаахын тулд Киевт үлдсэн гээд мягмар гарагт хэлсэн үгэндээ Оросын хуягт тээврийн цуваа Украины нийслэл рүү дөхөж байна гэв.
Даваа гарагт төв болон зүүн Европын найман улсын ерөнхийлөгч нар нээлттэй захидал нийтэлж, Украинд нэн даруй Европын холбоонд нэр дэвшигчийн статус олгож, гишүүнчлэлийн албан ёсны хэлэлцээг эхлүүлэхийг уриалсан байна.
Дайны дараа Москвагийн эрхшээлд буцаж орохгүй байж чадах ч гишүүнчлэлийн аливаа үйл явц урт бөгөөд хэцүү байх болно гэдгийг Украин сайн мэдэж байгаа ажээ.
Мягмар гарагийн орой санал хураах хуулийн төслийн дагуу ЕХ-ны хууль тогтоогчид Оросыг "хуурамч улс" гэж нэрлэн, гишүүн орнуудыг улам илүү хатуу хориг арга хэмжээ авахыг уриалах төлөвтэй байна.
Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт хөрштэйгөө дайн эхлүүлсний дараа ЕХ урьд өмнө хэзээ ч байгаагүй алхмуудыг хийж, тэр дундаа Украинд зэвсэг нийлүүлэх ажлыг санхүүжүүлсэн байна.
Европын парламент Европын холбооны удирдагчдыг Оросын удирдлагад ойр байгаа олигархиуд болон албан тушаалтнуудад хатуу хандаж, ОХУ-аас нефть, байгалийн хийн импортлохыг хязгаарлах, Орос болон түүний холбоотон Беларусийг SWIFT банкны системийг бүхэлд нь хориглох, ЕХ-ны бүх портуудыг хаахыг уриалжээ.
Орос улс Украин дахь үйлдлээ "неонацистууд болон хар тамхичид" гэж тодорхойлдог удирдагчдаас нь ангижруулах зорилготой "цэргийн тусгай ажиллагаа" гэж нэрлэж байна.
Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хэлэхдээ, Путин Украин руу довтлох шийдвэр гаргасан нь улс орнуудыг Оросын эсрэг нэгтгэхэд нөлөөлсөн гэв.
"Хэрвээ Путин Европын холбоог хагалан бутаргах, НАТО-г сулруулах, олон улсын хамтын нийгэмлэгийг эвдэхийг зорьж байсан бол тэр яг эсрэгээрээ үр дүнд хүрсэн" гэж фон дер Лейен ЕХ-ны парламентад хэлсэн үгэндээ дурджээ.
Эх сурвалж: Reuters