Хөвсгөлөөс тодруулга: Сумын охидын маань эрх зөрчигдөх вий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөлөөс тодруулга: Сумын охидын маань эрх зөрчигдөх вий

Цахим орчинд Хөвсгөл аймгийн нэгэн сумын сургуулийн охидоос эрүүл ахуйн шаардлага хангаагүй газар /сургуулийн ариун цэврийн өрөөнд, бохир хувинд шээлгэж/ хүчээр жирэмсний тест авсан гэсэн мэдээлэл цацагдсан билээ.

Бид энэ мэдээллийн дагуу Хөвсгөл аймгийн...сумын ЕБС-ийн захиралтай холбогдож дараах мэдээллийг авсан юм.

-Ямар шалтгааны улмаас охидоос тест авсан бэ?

-Манайх бол Хөвсгөл аймгийн хэмжээнд нэлээд олон хүн амтайд тооцогддог, алслагдсан сум. Цар тахлын үед сургуулиуд 5/9-ын зарчмаар хичээллэж, багш ажилчдын зүгээс сурагчдадаа хараа хяналт тавих боломж хомс байсан. Мөн манай сумд байнга ковидын тохиолдол илрээд улаан бүсд орчхоод байсан л даа.

Үүний улмаас дөнгөж 14,15-тай охид жирэмсэн болох тохиолдол хэд хэд гарсан. Тухайн хүүхэд жирэмсэн болчихсон байхад хажууд байгаа асран хамгаалагч нар нь ч мэдэхгүй, тухайн хүүхэд өөрөө ч мэдэхгүй байх тохиолдол гарч байсан.

Тиймээс дахин ийм эрсдэл бий болж болзошгүй гэж үзэн охидоос тест авсан.

-Охидыг сургалтад хамруулах нэрийдлээр ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд бохир хувинд шээлгэж тест авсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Ер нь бол цахим орчинд яваад байгаа шиг охидыг хууран мэхэлж, ариун цэврийн шаардлага хангаагүй бохир орчинд тест авсан зүйл байхгүй. Үүнийг хууль хяналтын байгууллага нь тогтоох байх.

Охидыг сумын эрүүл мэндийн төвд аваачиж, эмэгтэйчүүдийн эх баригч эмчтэй хамтарч зөвлөгөө мэдээлэл өгсний үндсэн дээрх ажлыг зохион байгуулсан.

-Охидод урьдчилж мэдэгдсэн байсан уу? Өөрсдөө тест авахыг зөвшөөрсөн үү?

-Мэдээж хэлэлгүй яахав. Аль болох тэднийг айлгаж, ичээхгүйгээр “та нар юу гэж бодож байна, яамаар байна” гэж зөвшилцөж, хэлж ойлгуулсан.

Юу гэж гэнэтхэн л та нараас тест авна гээд байхав дээ. Тийм зүйл хаана ч байхгүй. Анги удирдсан багш нар ч гэсэн хэлэх байх. Бүгд худлаа ярина гэж байхгүй шүү дээ.

Нөгөө талаас бага насны охид жирэмсэн болчихсон байхад ээж аав, багш нар нь мэдээгүй байх юм бол эргээд бид нар дээр бүх хариуцлага ирдэг. “Та нар юу хийж байсан юм” гээд л дайрдаг. Эцэг эхчүүд нь хүүхдийн гэдэс томорч, яах ч аргагүй байдалд орсон үед нь л мэддэг. Ийм ноцтой асуудал үүсээд байгаа учраас л эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан.

-Цахим орчинд энэ талаар нийтэлсэн хүн энэ талаар мэдээллийг хаанаас авч бичсэн юм бол?

-Цахим орчинд энэ талаар бичсэн эмэгтэй нэг хүүхдээс мэдээлэл аваад л шууд оруулчихсан юм шиг байна лээ. Яг ямар хүнээс авсан гэдгийг нь мэдэхгүй байна.

-Танай сургуулийн талаарх мэдээлэл олон нийтэд цацагдсанаас болж тест өгсөн охидыг ямар нэг байдлаар эвгүй байдалд оруулж, шоглох явдал гарсан уу?

-Манай сургуулийн хүүхдүүд болон эцэг эхчүүдээс надад гомдол мэдүүлсэн. “Яагаад манай сургуулийн нэрийг олон нийтэд зарлаж, бидний нэр төрд халдаж байгаа юм бол” гэсэн мессеж ирсэн. Бүр манай сумын фэйсбүүк группд оруулчихсан байна лээ. Одооны хүүхдүүд айхтар болчихсон учир шууд л манай сургуулийн охидыг “та нар яачихсан юм. Ямар хэрэгт холбогдчихоод яваад байгаа юм. Та нар одоо од боллоо” гэх мэтээр үеийнх нь шоглосон зүйл гарсан байна лээ.

Бид өөрсдийнхөө нэр хүндийг бодож, хариуцлагаас мултрах гээд байгаа асуудал огт байхгүй. Хамгийн гол нь үүний цаана хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж байна. Хөвсгөл аймгийн ... сум гээд цахим орчинд нэр устай нь тавьчхаар охид маань эргээд асуудалд орж байна.

Хоёр талд талцаж, миний зөв гэж дайрах нь чухал биш. Хамгийн гол нь энэ дунд охидын эрх ашиг зөрчигдөж, тэдний нэр хүндэд халдах вий гэж л айж байна.

О.Хулан: Байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр 10 мянган гаруй ажлын байр бий болно
О.Хулан: Байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр 10 мянган гаруй ажлын байр бий болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.