/2021.09.15/: Монгол Улсад орчин үеийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 88 жилийн ой, “Хилчдийн өдөр” 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр тохионо.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд Хил хамгаалах ерөнхий газрын Хүндэт харуул жагсан угтаж, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Х.Лхагвасүрэн тэргүүтэй удирдлагууд байгууллагын үйл ажиллагаа, тусгай техник хэрэгслийг танилцуулав.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын алба хаагчид, бие бүрэлдэхүүнтэй уулзаж, үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уудам дэлгэр эх орныхоо 8252 км 658 м урттай дархан хилийн халдашгүй дархан байдлыг амаргүй нөхцөлд нэр төртэй хамгаалж байгаа хилчиддээ гүн талархал дэвшүүллээ.
“Хил хамгаалах алба бол бие сэтгэлийн их тэнхээ, тэвчээр, сонор сэрэмжтэй, байнгын бэлэн байдалд байхыг шаардсан ажил алба” гэдгийг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тодотгож, Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил, бахархал төлөвшүүлэх бүх нийтийн үйлсэд хилийн цэрэг манлайлан оролцох хэрэгтэй гэлээ.
Мөн хил хамгаалах байгууллагын хөгжлийг таваас арван жилээр төлөвлөж, дунд болон урт хугацааны бодлого, чиглэлээ тодорхойлсон баримт бичгийг боловсруулж, ойрын үед батлуулах шаардлагатайг хэлэв. Түүнчлэн техник технологийн шинэ ололт, цахим хяналт, инновацын шийдлийг хүний үйл ажиллагаатай хослуулан хэрэглэх нь хуурай газрын асар урт хилийн шугамтай манай орны хувьд туйлын чухал гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хил хамгаалах байгууллага, анги салбаруудад хариуцлага, сахилга бат, зохион байгуулалтыг бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг сануулж, хэрэг зөрчлүүдийг таслан зогсоох үр нөлөөтэй арга хэмжээ авч, үр дүнг нь илтгэхийг Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагад үүрэг болголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо нар Хил хамгаалах ерөнхий газарт ажиллав.
Эх сурвалж: ЕТГ