Бүтээн байгуулалтад шаардлагатай 648 нэгж талбарыг чөлөөллөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүтээн байгуулалтад шаардлагатай 648 нэгж талбарыг чөлөөллөө

/2023.03.28/: Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 12 багц ажлын 49 төслийг хэрэгжүүлж байна.

Тодруулбал, авто замын сүлжээг өргөтгөх, зам, замын байгууламжийг шинэчлэх, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах, замын хөдөлгөөний ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтаар тусгай замын BRT, хөнгөн галт тэрэг LRT-г нэвтрүүлэх зэргээр авто замын ачааллыг бууруулахаар зорьж буй. Нийт төлөвлөсөн арга хэмжээний 60 гаруй хувь нь 2023 онд он дамжин хэрэгжих бол үлдсэн 40 орчим хувийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна.

Бүтээн байгуулалтад шаардлагатай 648 нэгж талбарыг чөлөөлөв

2022 онд авто зам, сургууль, цэцэрлэг, инженерийн байгууламж зэрэг бүтээн байгуулалтыг хийхэд шаардлагатай газар чөлөөлөлтийн ажлыг хийсэн бөгөөд одоогоор 519 нэгж талбарыг нөхөх олговортойгоор, 129 нэгж талбарыг трассаас гаргаж буюу нөхөх олговоргүйгээр, нийт 648 нэгж талбарыг чөлөөлөөд байна.

Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Н.Мөнхбаяр “Манай байгууллагын зүгээс сургууль, цэцэрлэг, авто зам, замын байгууламж, инженерийн байгууламжийн чиглэлээр газар чөлөөлөх ажлыг хийсэн. 2022 онд 19 сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтийг бүрэн хийж дуусгасан бол гурван сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтийн ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Авто замын байгууламжийн хувьд гол болон туслах замын бүтээн байгуулалтын газрыг чөлөөлсөн.

Тодруулбал, авто зам, замын байгууламжийн 400 нэгж талбар, сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалтын хүрээнд 140 иргэн, хуулийн этгээдийн газар, инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх хүрээнд 28 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөөд байна” гэв.

Авто зам, гүүрэн байгууламжийг шинээр барьж эхэллээ

Сүүлийн 10 жилд нийслэлд бүртгэлтэй авто машины тоо 80 хувиар өссөн бол гол болон туслах гудамж, зам 19 хувиар нэмэгджээ. Нийслэлд өдөрт дунджаар 300-400 мянган тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцдог. Энэ үзүүлэлт нь одоо байгаа гол болон туслах замын багтаамжаас даруй хоёр дахин их үзүүлэлт юм. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гаас 2022 онд хийсэн судалгаагаар зам хоорондын уялдаа холбоо дутмаг, гол зам дээрх холбоос зам хангалтгүй нь түгжрэлд нөлөөлөх голлох шалтгааны нэг гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэхүйц замуудыг судалж, эхний ээлжид 11 байршилд 17.15 км гол болон туслах гудамж зам, 963.7 урт метр гүүр шинээр барих ажлыг 2022 оноос эхлүүлээд байна.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн ерөнхий инженер Я.Өнөртүвшин “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд авто замын үндсэн сүлжээг хөгжүүлэх ажилтай холбогдуулан нийт 22 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний үр дүнд 25.9 км авто зам барьж байгуулахаар тооцоолсон ч 11 төсөл, арга хэмжээ нь төсвийн тодотголоор хасагдсан. Үүнээс 2022 онд дөрвөн байршлын авто замыг барьж, ашиглалтад оруулсан. Тодруулбал,

  • Улаанхуарангийн гудамжийг Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй холбох 0.4 км авто зам,
  • “Номин юнайтед” их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэлх 0.86 км авто зам,
  • Эрчим хүчний гудамжнаас “Монос фарм трейд” ХХК хүртэл 1.74 км авто зам,
  • Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжийг холбох 1.8 км авто замыг явган хүн, дугуйн зам, гэрэлтүүлгийн хамт цогцоор нь барьж байгууллаа.

2023 онд нийт долоон байршилд зам, замын байгууламжийн ажлыг үргэлжлүүлнэ. Энэ хүрээнд 12.1 км авто зам, 872.1 урт метр төмөр бетон гүүр хийх бөгөөд эдгээр нь 2022 онд төлөвлөсөн ажлын үргэлжлэл юм. Өөрөөр хэлбэл, тус бүтээн байгуулалтуудыг 2022 онд эхлүүлсэн ба далан суурь болон гүүрний суурь бүтээцийн ажлуудыг үргэлжлүүлнэ" гэлээ.

Дараах долоон байршилд бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Үүнд:

  • Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох 0.61 км авто зам,
  • Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 483 урт метр, зургаан эгнээ бүхий гурван гүүр,
  • Улиастайн тойргоос Шар хадны эцсийн зогсоол хүртэлх 4.2 км авто зам, 97.3 урт метр төмөр бетон гүүр,
  • Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх 1.2 км авто зам, 33 урт метр гүүр,
  • Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох олон түвшний огтлолцол, гүүрэн байгууламж бүхий 2.4 км авто зам,
  • Алтай хотхоны урдаас Төмөр замын гарам хүртэлх 0.7 км авто зам ,
  • Зайсангийн 225 урт метр төмөр бетон гүүрийг шинэчилж, хос гүүр барих ажлыг тус тус эхлүүлээд байна.

2022 онд эдгээр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотын гол гудамж замуудад хөдөлгөөний эрчим, авто замын багтаамжийн харьцаа /VCR/-г тодорхойлсон. Судалгаанд орсон авто замуудын хөдөлгөөний ачаалал 2-3 дахин нэмэгдсэн гэх дүгнэлт гарсан аж. Авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд түгжрэлд голчлон нөлөө үзүүлдэг 90 байршлыг мөн тодорхойлжээ. Уг 90 байршилд авто замын ажил хэрэгжсэнээр судалгаанд хамрагдсан гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал дунджаар 20 хувь буурах урьдчилсан тооцоо гарсан байна.

Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын ухаалаг систем нэвтрүүллээ

Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем нэвтрүүлэх ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн хяналт, бүртгэл, зохицуулалтын RFID систем, улсын дугаар таних LPR камерын систем, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний Smart Car системийг нэвтрүүлж буй. Мөн газрын зургийн суурь системийг хөгжүүлэх, орон зайн мэдээлэлд тулгуурласан авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн систем, нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодын цахим төлбөрийн системийг амжилттай нэвтрүүлж байгаа юм.

Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлснээр бодит дата мэдээлэлд үндэслэж авто зам, тээврийн хэрэгслийн зохицуулалтын оновчтой шийдвэр гаргах боломж бүрдэнэ Мөн RFID tag буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж байна.

Нийслэлийн Цахим хөгжил, мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг:

-Цахим гэрчилгээнд суурилсан зорчих хөдөлгөөнийг зохион байгуулах нэгдсэн системийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой олон төрлийн үйлчилгээ бий. Цахим гэрчилгээ болон зам тээврийн ухаалаг системийн тогтолцоог нэвтрүүлэх нь шинэ ажил биш. 17 жилийн өмнө Монгол Улсад анх удаа Замын хөдөлгөөний удирдлагын төв хэмээх байгууллагыг байгуулж байсан.

Замын хөдөлгөөнийг камерт суурилсан шийдлээр удирдан зохион байгуулах ажлыг 17 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Харамсалтай нь, уг систем өдгөө хуучирч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохион байгуулах шаардлага хангахааргүй болсон байна. Одоо камерын тусламжтай хийх замын хөдөлгөөний хяналт таван хувьтай л байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд “Зам тээврийн нэгдсэн системийн тогтолцоо” төслийг хэрэгжүүлэх шаардлага гарсан гэв.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийг эхлүүлэв

Манай улс 2019 он хүртэл нийтийн тээврийн салбартаа томоохон хэмжээний парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс нийслэлд бүртгэлтэй нийтийн тээврийн 277 хэрэгслийн 60 орчим хувь нь 10-аас дээш жилийн насжилттай буюу стандартын шаардлага хангахааргүй болжээ. Нийтийн тээврийн чанар, хүртээмж муугаас болж нийслэлийн хүн амын 1/3 хүрэхгүй хувь нь автобусаар зорчдог. Иймд авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2022-2024 онд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 80 хувьд парк шинэчлэл хийх буюу 1134 автобус шинээр оруулж ирэхээр төлөвлөсөн. 2023 оны нэгдүгээр улиралд 224 автобусаар парк шинэчлэл хийн, өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 106 чиглэлд 998 автобус үйлчилгээнд явж байна.

Мөн сургуулийн зориулалттай автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн байна. Тодруулбал, 2019 онд сургуулийн 25 автобус, 2023 онд сургуулийн 50 автобус шинээр орж ирсэн. 2019 онд орж ирсэн 25 автобусны гурвыг нь Багануур, Багахангай, Налайх дүүрэгт тус тус хуваарилжээ. Бусад 22 автобус нь төвийн зургаан дүүрэгт 22 чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгааг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас онцолж байв. Энэ онд орж ирсэн 50 автобусыг холбогдох байгууллагууд руу хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд сургууль орчмын зураглал, хүүхэд зөөх маршрутыг төлөвлөсөн байна. Сургуулийн автобусаар үйлчилж буй 59 сургуульд 85207 хүүхэд суралцаж байгаагаас 23952 хүүхэд такси болон хувийн унаагаар үйлчлүүлдэг байсан бол харин сургуулийн автобус үйлчилгээнд явж эхэлснээр тус сурагчид автобусаар үйлчлүүлэх боломжтой болжээ. Ингэснээр авто замын түгжрэлийг 16.7 хувиар бууруулна гэсэн тооцоолол гарсан байна.

Мөн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд автобус хүлээлгийн цагийг багасгаж, иргэдэд түргэн, шуурхай үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс автобусны богино эргэлт, тусгай эгнээг бий болгож, нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.

Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Б.Тамир “Түгжрэлийн эсрэг авах арга хэмжээнд нийтийн тээврийн салбарын зүгээс хэрэгжүүлэх нэг чухал ажил бол богино эргэлтийг бий болгох юм. Үүнтэй холбоотойгоор, иргэдээс зорчигч урсгалын судалгааг авч, зарим гудамж замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх байдлаар стратегийн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Жишээлбэл, Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг чөлөөлсөнтэй холбогдуулан автобусны дундаж хурд 8.6 км цагаас 12.3 км цаг болж өссөн байна.

Нийтийн тээврийн хурд нэмэгдэхээр зорчигчийн урсгал ч дагаад нэмэгдсэн гэсэн үг. Мөн Яармагийн шинэ суурьшлын бүсээс Таван шар, Саппоро, Энхтайваны өргөн чөлөө рүү, Нисэхээс 3, 4 дүгээр хороолол хүртэл зэргээр тодорхой хэмжээнд богино эргэлтийн төлөвлөлтүүдийг хийсэн. Нийтийн тээвэрт хамгийн урт чиглэлийн радиус дунджаар 50-60 км байдаг. Үүнийг 15 км хүртэл богиносгох судалгааг ч хийсэн.

Цаашид шинээр ирж буй автобуснуудыг богино эргэлтийн үйлчилгээнд явуулж автобус хүлээх хугацааг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотод нийтийн тээврийн зургаан эцсийн зогсоол байдаг. Эдгээрийг мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тодорхой аж ахуй нэгжүүд рүү менежментийг нь шилжүүлж, иргэд, жолооч нарт илүү тухтай, тохилог орчныг бүрдүүлэхээр зорьж байгаа. Мөн шинэ суурьшлын бүсүүд рүү автобусны зогсоол төлөвлөх, түүнд тохирсон чиглэл, маршрутын судалгааг үе шаттай хийж байгаа” хэмээв.

Эх сурвалж: НЗДТГ

Абилимп 2023 мэргэжилийн ур чадварын тэмцээнээс Х.Сэлэнгэ хүрэл медаль хүртжээ
Абилимп 2023 мэргэжилийн ур чадварын тэмцээнээс Х.Сэлэнгэ хүрэл медаль хүртжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.