Л.Жаргал: Макро гэрэл зураг олон цагаар сууж зураглах тэвчээр шаарддаг
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Жаргал: Макро гэрэл зураг олон цагаар сууж зураглах тэвчээр шаарддаг

“Нуугдмал ертөнц” макро гэрэл зургийн үзэсгэлэнг гэрэл зурагчин Л.Жаргал, Н.Батхүрэл, судлаач Ц.Өлзий, гэрэл зураг сонирхогч Д.Лхагвасүрэн нар гуравдугаар сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Norphei Art Gallery-д гаргахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Үзэсгэлэнгийн талаар гэрэл зурагчин Л.Жаргалтай цөөн хором ярилцлаа.

-“Нуугдмал ертөнц” макро гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын сүүлчээр олон нийтэд дэлгэх гэж байна. Үзэсгэлэн гаргаж байгаа бүрэлдэхүүний талаар танилцуулаач?
-Биологийн хүрээлэнгийн Гантигмаа докторын багтай таван жил ажиллалаа. Тэдний нэлээд хэдэн ном бүтээлд зураг авч өгсөн юм. Судлаачдын ажил цаг наргүй, олон жилийн хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Нөгөө талаас шавж судлал гэвэл энгийн бидний мэдэхгүй, харахгүй ч танин мэдэхүйн асар том ертөнц. Бидний амьдралд ч шууд нөлөөлж байна. Ойг хөнөөж буй эрвээхэй гэхэд бид танихгүй, мэдэхгүй. Сонирхохгүй бол хэн, хэн хэдэн мод устгаад байгааг үл мэдэх жишээтэй. Ингээд тэдний ажлын дүнг, ном бүтээлээс олон нийтэд, хүүхэд залууст хүргэе гэдэг үүднээс энэхүү үзэсгэлэнг гаргая гэж бид ярилцсан юм.

Макро зураг сонирхдог найз нараас Н.Батхүрэл олон жил галт тэрэгний зургийн завсраар байгаль дээр шавжны зураг авч байна. Залуусаас тууштай сонирхож байгаа нь шавж судлаач Ц.Өлзий, цохны лавлах ном хэвлүүлчихлээ. Д.Лхагвасүрэн макро зургийг студид жижиг хэсгийг томруулан авч байгаа. Бидний арга өөр, ялгаатай юм бий.

Шавжны гэрэл зураг цааш хөгжихөд бэрхшээлтэй тал нь эдгээр амьтны тухай мэдээлэл манайд их хомс, ядаж хэн гэгчийг олоход бэрх юм билээ. Зургийн баатраа мэдэхгүй, танихгүй бол цааш явахгүй байх. Би бол судлаачдыг дагаж сонин хачин амьтны зураг нэлээд авсан.

-Үзэсгэлэнд хэчнээн бүтээл дэлгэх вэ. Ямар амьтдын зураг байгаа нь уншигчдад сонин байх?
-Үзэсгэлэнд 80 гаруй зураг толилуулна. Бар цох, говийн арваалж, хилэнц, хүн хорхой, хавч гээд олон зүйлийн зургийг томоор, нэг дороос, зарим амьтны хатаамал дээжтэй харьцуулж харах боломжтой байлгахыг хичээнэ. Гэрэл зураг талаасаа аль болох чанартайг сонгохын хамт өөр, өөр төрөл овгийн амьтныг үзүүлэх санаатай байгаа. Цаашдаа залуус макро зургийг сонирхож, улам дэлгэрүүлээсэй.

-Таныг "Шувууны Жаргал" хэмээн дууддаг гэж сонссон. Яагаад шувуунаас шавжны зураг руу орчихов?
-Шувууны зураг сонирхоод арван хэдэн жил болж, 2017 онд найз нартайгаа хамтарсан үзэсгэлэн гаргасан. Харин тэтгэвэрт гараад өвлийн цагт хийх юм бага болоод байтал шавж судлаач нараас усны цохны номны зураг авах санал ирсэн. Макро зураг мэдэхгүй гээд цааргалсан ч оролдоод үзье гэж бодсон. Макро хэмээх Н.Цолмон зурагчаас зарим нэг хэрэгсэл аваад, Н.Гансүх багшаар заалгаж эхлүүлсэн. Тэгээд өчүүхэн жижиг цох, хожим эрвээхэй хэдэн зуугаар нь авсан түүхтэй. Их няхуур, орон зайн хэмжээс, тооцооны мэдрэмж хэрэгтэй юм билээ. Өнөөх цох, эрвээхэйний дээжийг гар салгалаад эвдчих гээд зовлонтой байсан. Харин өвлийн өдөр цаг хурдан өнгөрдөг болсон. Түүнээс хойш хар цох, эрвээхэйний номын зураг авч, судлаачдын хамт хээрийн ажилд явдаг боллоо. Шувуугаа мартаагүй, авч л байна. Одоо залууст халаагаа өгч, тойрохоо зуруулна аа.

No description available.

-Макро гэрэл зургийн төрлийн талаар ойлголт өгөөч. Бидний энгийн хараагаар харах боломжгүй зүйлийг гаргаж ирдэг шүү дээ?
-
Макро зураг гэдэг нь аливаа жижиг биетийг ядаж нэг дахин томруулсан зургийг хэлдэг. Усны дусал, элдэв амьгүй жижиг юмсыг ч зурагладаг. Миний хувьд эхнээсээ шавжны зураг авсан тул тэр чиглэлээр дагнасан. Шавж гэвэл амьтны хамгийн том анги, хэдэн сая зүйлтэй. Монголд 13 мянган шавж тэмдэглэгдсэн гэдэг. Шавжны зургийг буулгаж чадвал хүний нүдэнд харагдахгүй хачин сонин өнгө, хээ хуар, хэлбэрийг харна, харуулж болно. Хэдхэн мм урттай шавьжийг сайн зураглавал хэдэн метр ч том зураг хэвлэж болдог юм байна. Яахав, танин мэдэхүйн өргөн утга учиртай юм даа.

No description available.

-Макро гэрэл зураг авч үзье гэж сонирхвол чухам юун дээр голчлон анхаарах вэ. Ур чадвартаа юу, техник хэрэгсэлдээ юү?
-Макро дуран, зориултын зам ашиглана. Тэр нь хараа муутай нүд шилээ авч жижиг үсэг мэтийг ойртуулж хардагтай адил, томруулдаг дуран. Ийм дурангийн гол онцлог нь фокуслах талбай маш нимгэн тул олон арван удаа зүсэлтээр зураг авч нийлүүлнэ. Алхмын зай нь хүний үсний нэг хоёр зузаантай (70-150 микрон буюу миллиметрийг мянга хуваасан хэмжээ) тэнцэх ч бий. Ийм бага алхмаар дурангаа ахиулахад их нарийн мэдрэмж, эсвэл автомат зам хэрэгтэй. Гэрэл маш их дутна, тусгай гэрэлт хайрцаг хэрэглэнэ. Арга чадвараас илүүтэй олон цагаар, зарим үед өдөржин сууж зураглах тэвчээр шаарддаг. Байгаль дээр бол арай амар ч дадлага чухал. Хэн ч сурна.

No description available.

-Ярилцсанд баярлалаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК таван сарын хугацаанд 1.1 тэрбум долларын нүүрс борлуулжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК таван сарын хугацаанд 1.1 тэрбум долларын нүүрс борлуулжээ
 
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд зочиллоо
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.