О.Цогтгэрэлийг унагах МАН-ын ажиллагаа эхэлжээ
 

О.Цогтгэрэлийг унагах МАН-ын ажиллагаа эхэлжээ

Х.Нямбаатар аравдугаар сарын 18-ны өдөр МАН-аас О.Цогтгэрэлийг унагах ажлыг эхлүүлж байгаа талаар шууд дамжуулалтаар мэдэгдсэн байдаг. Тэрбээр, “Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийг солих талаар нэр бүхий хэвлэл мэдээллээр гарсан” гэж хэлж байжээ. Гэвч эрх баригчдад улс төрийн шахалт үзүүлэх ёстой сөрөг хүчний намын доторх эрх мэдлийн тэмцэл гэнэт хурцдав. Арваннэгдүгээр сарын 6-нд АН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргаснаа зарлалаа. Хуралд 15 гишүүнээс 13 нь оролцож, оролцсон гишүүд 100 хувийн саналаар уг шийдвэрийг дэмжсэн гэсэн. Энэ шийдвэрийн дараа АН-ын бүлгийн дарга Б.Түвшин эсэргүүцэж, Хяналтын ерөнхий хороо Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах эрхгүй, уг асуудал Үндэсний бодлогын хорооны бүрэн эрхэд хамаарна гэж мэдэгдэв. Ийнхүү нэг намын дотор хэн нь хэнийг огцруулах эрхтэй вэ гэдэг маргаан эхэлсэн ч үйл явдал зөвхөн С.Баярцогтын албан тушаалаар хязгаарлагдсангүй.

Арваннэгдүгээр сарын 14-нд АН-ын Онц их хурал болно гэх мэдээлэл гарч, зохион байгуулагчаар ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга асан Ж.Сугарсүрэн, Нийслэлийн АЗХ-ы дарга асан З.Өлзийбаяр тэргүүтэй намын гишүүдийг нэрлэжээ. Уг хурлаар АН-ын дарга О.Цогтгэрэлийг огцруулах асуудлыг хэлэлцэж болзошгүй тухай байв. АН-ын төв байгууллага арваннэгдүгээр сарын 14-нд Онц их хурал хийх ямар нэгэн албан ёсны шийдвэр гаргаагүй, уг хурлыг нам өөрөө зарлаагүй хэмээн мэдэгдсэн. Хурлыг зохион байгуулагчид үүний хариуд намын энгийн гишүүдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаах ёсгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Ингээд харвал АН-ын дотор хоёр өөр төв үүссэн нь тодорхой. Нэг талд намын одоогийн удирдлага, нөгөө талд удирдлагыг өөрчлөх шаардлага тавьж буй. Мөн хөндлөнгөөс харахад энэ нь АН-ын дотоод сонгуулийн маргаан биш, улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд гадны нөлөө оролцож буй нь илт. Ингэхээр Хотын дарга асан Х.Нямбаатарын хийсэн мэдэгдэл үнэний ортой болж таарав. АН-д өрнөж буй энэ их асуудал өөрөө улс төрийн үр дүнгийн хувьд АН-ын дарга О.Цогтгэрэлийг сулруулах, сөрөг хүчний бүлэг дотроо хуваагдах, эрх баригчдад тавьж буй шахалт сарних нь МАН-д ашигтай байх нь ойлгомжтой. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд дотоод зөрчил, фракцын тэмцэл, дарга нарын эрх мэдлийн маргаанаасаа болж улс төрийн боломжоо алдсан түүхтэй. Нэгдэж нягтрах үедээ дахин хагарч, удирдлагаа солих тухай яриа гардаг нь шинэ үзэгдэл биш.

Гэвч энэ удаагийн маргаан цаг үеийн хувьд онцлогтой. Хотын дарга асан мэдэгдэл хийсний дараагаар АН-ын хэрүүл эхэлсэн. Мөн МАН-ын Засгийн газарт хяналт тавьж сөрөг хүчин хүчтэй нөлөөлж эхэлсэн. Гэтэл ийн сөрөг хүчний нам О.Цогтгэрэлийг солих тэмцэлд татагдан орж өнгөрсөн дэх АН руу буцах эрсдэл үүсч байгаа нь харамсалтай.

О.Цогтгэрэлийн улс төрийн байр суурь, МАН-ын Засгийн газарт хандаж буй шаардлагуудыг харгалзвал түүнийг намын даргын албан тушаалаас буулгах оролдлого эрх баригч МАН-ын хувьд ашигтай үр дагавар авчрах боломжтой.

АН-ын дарга О.Цогтгэрэл өөрөө огцрох асуудалтай нүүр тулбал Засгийн газарт тавьсан улс төрийн шахалт ч суларна. Намын бүлгийн гишүүдийн анхаарал дотоод зөрчилд төвлөрнө. Харин эрх баригчид сөрөг хүчний довтолгооноос түр ч болов чөлөөлөгдөнө.

Б.АМИ

Өвөрхангайн шинэ Засаг дарга 32.000 ам.долларын зээлээ төлөөгүй байна
Өвөрхангайн шинэ Засаг дарга 32.000 ам.долларын зээлээ төлөөгүй байна
 
ТАНИЛЦ | Ирэх оноос хэрэгжиж эхлэх татварын багц хууль
ТАНИЛЦ | Ирэх оноос хэрэгжиж эхлэх татварын багц хууль
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.