Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоол батлагдлаа
 

Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоол батлагдлаа

“Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” тогтоол батлагдлаа.

Өнөөдрөөс эхлэн хэрэгжиж буй уг тогтоолд Их Эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор дараах хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан байна.

Тухайлбал, Их Монгол Улсын түүхэнд хамаарах үйл явдал, түүх, соёлын дурсгалт газрыг шинээр олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх, энэ чиглэлээр хийж байгаа эрдэм шинжилгээний бүтээлийг дэмжих, хэвлэн нийтлэх, сурталчлах ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт даалгажээ.

Их Эзэн Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн бичмэл эх сурвалж, түүх, археологи, угсаатны зүйн судалгааны бүтээлийг хэвлэн нийтлэх, урлаг, соёлын бүтээлийг дэмжих, гадаадын зарим улс оронд хадгалагдаж байгаа бичмэл эх сурвалжийг олж тогтоох, эх хувь болон хуулбарыг эх орондоо татаж авах, Монгол Улсын түүхийн сан хөмрөгт бүртгэж, шинжлэх ухаан, судалгааны эргэлтэд оруулах арга хэмжээ авах үүргийг энэхүү тогтоолоор Засгийн газарт хүлээлгэсэн байна.

Түүнчлэн Их Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих тусгай санг Засгийн газар байгуулах бөгөөд уг сангийн хөрөнгөөр Их эзэн Чингис хааны нэр төр, үйл хэрэг, Их Монгол Улсын түүхийг хамгаалах, сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэх санал боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах юм.

Их Эзэн Чингис хааны түүх, Монгол Улсын төрт ёсны өв, Монгол төрийн үүсэл, хөгжилтэй холбоотой ном, түүх, археологи, угсаатны зүйн судалгааны бүтээл, кино, урлаг, соёлын арга хэмжээ, үйл ажиллагаанаас олох орлогыг татвараас чөлөөлөх тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг тогтоолоор Засгийн газарт даалгажээ.

Их Эзэн Чингис хааны нэр төр, эш хөрөг, гэрэгэ, Монголын нууц товчоо, Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг ашиглах асуудлыг журамлах, Их Эзэн Чингис хааны эш хөргийг согтууруулах удааны болон тамхины сав, баглаа, бодолд аливаа хэлбэрээр ашиглахыг хориглох тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг мөн Засгийн газарт даалгасан байна.

Б.Пүрэвдагва: Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн төлбөрийг ЧӨЛӨӨЛНӨ
Б.Пүрэвдагва: Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн төлбөрийг ЧӨЛӨӨЛНӨ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.