
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны нэр дээрх бензин болон цахилгаан хосолсон автомашинд ногоон дугаар олгосон явдал шүүмжлэл дагуулаад байна.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийг тодорхой ангиллын дагуу дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох талаар Зам, тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан мэдээлэл хийж байсан. Энэхүү шийдвэрт зөвхөн цахилгаан тээврийн хэрэгслүүд хамаарагдах бөгөөд хосолмол хөдөлгүүртэй автомашинд ногоон дугаар олгох зохицуулалт байхгүй. Харин сайд дарга нар, яам, тамгын газрынханд энэ журам үйлчилдэггүй бололтой.
Байгаль орчин, уур амьсгалыг өөрчлөлтийн яамныхны хөлөглөж буй BYD Seal 05 DM-i автомашин нь PHEV буюу залгуурт гибрид ангилалтай. Өөрөөр хэлбэл, ногоон улсын дугаарыг 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашин (BEV) болон EREV төрлийн тээврийн хэрэгсэлд олгоно. Энэ талаар Зам, тээврийн яам ч мөн мэдэгдэл хийж байсан удаатай.

Уг нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам цахилгаан автомашины хэрэглээг дэмжих тал дээр манлайлж ажиллах учиртай. Гэтэл бодит байдал дээр нүгэлийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг хосолмол хөдөлгүүрт автомашиндаа ногоон дугаар зүүчихсэн хэнэг ч үгүй хотын гудамжаар салхи татууланхан явна.
PHEV буюу хосолсон хөдөлгүүрт автомашинд ногоон дугаар олгож эхэлсэн бол Зам, тээврийн яам албан ёсны мэдэгдэл хийх ёстой. Эс бөгөөс ийнхүү журам зөрчин зорчиж яваа автомашинд, тэр дундаа төрийн нэр барин ийнхүү хөдөлгөөнд оролцож буй автомашинд хатуу арга хэмжээ авах нь зүйн хэрэг биз ээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.