
Ардчилсан намын эв нэгдэл, алсын хараа, чадамж ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар шийдэгдэх чухал цаг үе ирээд байна. Ардчилалд итгэдэг, ардчилалд найдлага тээсэн олон хүн Ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлэх гэж буйг сонирхон хүлээн суугаа биз. Өнөөдрийг хүртэл ард түмэнд нээлттэйгээр Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан хэд хэдэн улстөрчид байгаа. Тэднээс хэн нь намын сунгаанаасаа цойлж гарч ирэх нь одоо ч таамаг хэвээр. Ардчилсан намын ирээдүй ирэх хоёр сонгуулиар шийдэгдэнэ. Энэ удаа л тэд ялалт байгуулахгүй бол Ардчилсан намын түүхэнд томоос том хар толбо үлдэх магадлалтай.
Намын "Луугар" Н.Алтанхуяг
Ардчилсан намын алтан хараацайнуудын нэг, намын “луугар” улстөрч Норовын Алтанхуяг. Ерөнхийлөгчид нэр дэвших, сонгогдох хамгийн боломж бүхий улстөрч. Учир нь Н.Алтанхуяг Монголын ардчилсан шилжилтийн дараах улс төрийн үйл явцад олон жил оролцож, намын удирдлагаас Засгийн газрын тэргүүн хүртэл ажилласан. Харин түүний Ерөнхийлөгч болох замд Хөгжлийн банкны гэх хүндхэн хэрэг л саад болоод байгаа тул нэр дэвших боломжгүй байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, түүний Хөгжлийн банкны гэх хэргийг анхан шатны шүүхэд цагаатгасан боловч гуравдугаар сард уг шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх болсон. Үүнээс харахад Монгол Ардын нам түүнээс ямар их эмээж байгаа нь илт. 1990 оноос одоог хүртэл улстөрийн замнал нь тасралтгүй үргэлжилсэн түүнийг оргил үед нь санаатайгаар гацааж буй нь энэ хэмээн хэлэх хүн олон байгаа юм. Тэрбээр Ардчилсан нам дотроо ч намаас гадна ч дэмжлэг олонтой рейтинг өндөртэй улстөрч гэдэг. Залуусын ашигладаг инстаграмм хуудсанд эхнэр, ач охидтойгоо богино бичлэг хийж, улстөрийн хүнд сэдвүүдийг ханцуй шамлан ярьдаг нь залуус дунд алдартай. Мөн залуусаас гадна ахмадууд дунд аль хэзээний л улстөрч байсан түүнийг таних хүн олон биз.
Бидон Ганбаа
Д.Ганбат 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа ил тод зарласнаар АН-ын дотоод өрсөлдөөнд өөрийн нэрийг орууллаа. Түүний хувьд энэ нь улс төрийн карьераа шинэ шатанд гаргах оролдлого төдийгүй нам доторх байр суурь, нөлөөгөө дахин баталгаажуулах үйл явц юм. Гэвч Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэйгээ зарлах, намын албан ёсны нэр дэвшигч болох нь мэдээж өөр асуудал. Д.Ганбатын хувьд энэ хоёрын хооронд даван туулах ёстой нам доторх улс төрийн томоохон шалгуур бий. Д.Ганбатын хувьд парламентад гурван удаа сонгогдож, АН-ын бүлгийг удирдаж байсан туршлагатай бөгөөд намдаа тодорхой хэмжээний дэмжигчидтэй. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгчийн сунгаанаас гарч ирэх магадлал бага. Түүнийг нам доторх дэмжигчид нь нэр дэвшүүлж, сунгаанаас гарсан ч олон нийт дэмжихгүй байх. Тойрогтоо бидон тарааж, Бидон Ганбаа нэрээр алдартай тэрбээр ийнхүү сэрүүн зүүдэлж яваа.
82 саналтай Б.Пүрэвдорж
Ардчилсан намын УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн нэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болзошгүй улстөрчдийн жагсаалтад багтаж байна. Гаалийн байгууллагын байцаагчаас ажлын гараагаа эхэлж, орон нутгийн намын дарга, төрийн байгууллагын удирдлага, парламентын гишүүн, УИХ-ын дэд дарга хүртэл дэвшсэн түүний улс төрийн замнал АН доторх нөлөө бүхий байр суурийг бий болгожээ. Б.Пүрэвдоржийн улс төрийн амбиц 2025 онд АН-ын даргын сонгуульд нэр дэвшсэнээр илүү тод харагдаж байв. Тэрбээр намын даргын төлөө О.Цогтгэрэл, Ж.Баярмаа, Б.Отгонбат нартай өрсөлдөж, 82 гишүүний санал авснаар хоёрт жагсаж байсан ч нэрээ татсанаар хоёр дахь шатанд оролцоогүй гэдэг. Үүнээс харахад Б.Пүрэвдорж намын дарга тэр ч байтугай Ерөнхийлөгчид нэр дэвшихэд хүртэлх боломж бий. Намын дэмжлэг өндөртэй гэсэн үг. Гэвч тэрбээр АН-ын даргад нэр дэвших үеэрээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй, харин 2028 оны УИХ-ын сонгуульд намаа ялуулахын төлөө ажиллана гэж мэдэгдэж байжээ.
Лу.Гантөмөр
Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчид нэр дэвшихээ ил тод мэдэгдсэн ердөө нэг л хүн бий. Тэр бол Л.Гантөмөр. Тэрбээр, АН-ын даргыг хоёр жил гаруй хугацаанд хашиж, хамтарсан Засгийн газарт Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажилласан түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгууль улс төрийн карьераа үргэлжлүүлэх дараагийн томоохон сорилт болж байна. Түүний сонгуулийн кампанит ажил хэдийнээ эхэлж байгаа. Намын удирдлагаа шилжүүлснээс хойш хэсэг нам гүм байсан тэрбээр саяхнаас Оюутолгойн ногдол ашиг, Чингис хааны нэрийг архи, тамхин дээрээс авах зэрэг хуулийг санаачлан ажиллаад байгаа. Ийн тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн ч нам доторх дэмжлэг, ард түмний дэмжлэг ч эргэлзээтэй. Учир нь дотоод сонгуулиар Үндэсний бодлогын хороонд сонгогдоогүй зэрэг нь түүний нам доторх сунгаанаас ч гарахгүй байх магадлалтайг харуулж байна.
Амбиц байвал боломж бий
О.Цогтгэрэлийн Ерөнхийлөгчид нэр дэвших магадлал болон улстөрчийн рейтинг Н.Алтанхуягийн дараа орохоор өндөр байгаа. Тэрбээр улс төрд харьцангуй хожуу орж ирсэн ч намын даргын түвшинд хүрч, АН-ын бодлого, зохион байгуулалтыг хариуцах байр суурийг эзэлсэн явдал юм. Тиймдээ ч нам дотор түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн боломжит хүнээр нэрлээд байна. Ардчилсан нам дотор намын залуу хараацайнууд найдлага тавьж байгаа бололтой. Харин түүний хувьд хоёр сонголт бий. Намын даргын хувьд нэр дэвших хүнийг тодруулж, намынхаа ялалтын төлөө ажиллах уу эсвэл өөрөө нэр дэвшиж улс төрийн карьераа өсгөх үү. Хэрвээ Ардчилсан нам ирэх хоёр сонгуульд ялалт байгуулж чадахгүй бол Ардчилсан намын ирээдүй бүрхэг болох эрсдэлтэй нүүр тулаад буй. Харин энэ үед түүний шийдвэр хамгийн чухал гэдгийг тэрбээр гэгээн оюундаа тунгааж байгаа биз. О.Цогтгэрэл тархаа бутархай байсан Ардчилсан намыг зангидаж, өнөөдрийг хүргэж чадсан. АН-ын даргаас гадна УИХ дахь АН бүлгийг хүртэл удирдан зангидаж байсан түүнд нам доторх дэмжлэг өндөр бий. Иймдээ ч тэрбээр Ерөнхийлөгчид нэр дэвшвэл намын сунгаанаас цойлж гарах хамгийн боломжтой нь О.Цогтгэрэл л байгаа юм.
Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.