
БНХАУ-ын олон улсын сүлжээ хуулийн фирм Guozun (Mongolia) Cathay Associates Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Тус фирмийн нээлтийн ёслолд БНХАУ-ын Guozun хуулийн фирмийн Дэлхийн удирдлагын хорооны дарга Фэн Юэпин оролцож, байгууллагын албан ёсны гэрчилгээг гардуулсан байна. Мөн энэ үеэр Цилигээг тус фирмийн Монгол дахь Удирдлагын хорооны захирлаар томилжээ.
Guozun хуулийн фирм нь дэлхийн 106 улс, бүс нутагт нийт 113 салбартай бөгөөд 2,000 гаруй хуульчтай олон улсын хуулийн үйлчилгээний сүлжээ юм.
Монгол дахь салбар нь Хятад, Монголын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжих, ялангуяа БНХАУ-ын компаниудын Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөрөнгө оруулалтад хууль зүйн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллах аж.
Тодруулбал, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэл зэрэг салбарын хөрөнгө оруулалт, компанийн бүртгэл, тусгай зөвшөөрөл, татвар, гэрээ хэлцэл, хөдөлмөрийн харилцаа, арбитрын маргаан болон бусад эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх юм байна.
Тус байгууллага нь БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга болон Монгол Улсын “Талын зам” стратегийн уялдааг дэмжих, хоёр улсын хил дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготой гэж мэдээлжээ.
Guozun-ийн Монгол дахь салбар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах River Castle хотхон байрлаж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.